Дэлхийн инновацийн индекс (Global Innovation Index) нь дэлхийн тэргүүлэх эдийн засгийг инновацийн чадавхаар нь эрэмбэлдэг. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийг тодорхойлогч нийтлэг зүйл бол хөгжиж буй шинжлэх ухаан технологийн (S&T) кластерууд байдаг.
Кластер гэдэг нь тодорхой нэгэн салбарт ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, нэг нэгнийгээ харилцан нөхөж байдаг, газарзүйн хувьд хөрш зэргэлдээ оршдог, хоорондоо нягт харилцаатай компаниуд болон тэдгээртэй холбоотой байгууллагуудын бүлэг юм.
2016 оноос хойш GII ийм кластеруудыг тодорхойлохдоо доороос дээш чиглэсэн аргыг ашигласан. Энэхүү аргачлал нь засаг захиргааны болон улс төрийн хүчин зүйлийг харгалзахгүйгээр зохион бүтээгчид, шинжлэх ухаан технологийн шинэ санаа, инновацыг бойжуулдаг энтрепренершипийн нягтрал ихтэй газарзүйн бүсүүдийг тодорхой зааж өгдөг. Ийм байдлаар тодорхойлсон кластерууд нь ихэвчлэн хотын хэд хэдэн дүүрэг, хэд хэдэн хот болон дэд холбооны мужууд, заримдаа бүр хоёр ба түүнээс дээш улсыг хамардаг.
Шинжлэх ухаан технологийн шилдэг 100 кластерын дотор Токио-Ёкохама (Япон) хамгийн өндөр үзүүлэлттэйгээр тэргүүлж байгаа бол, удаах байранд Шэньжэнь-Хонконг-Гуанжоу (Хятад, Хонконг, Хятад) орж байна. Бээжин (БНХАУ), Сөүл (БНСУ), Шанхай-Сужоу (Хятад) хотуудын кластерууд 3, 4, 5-р байранд тус тус оржээ. Сан Хосе-Сан Франциско, Калифорниа (АНУ ) 6-р байранд орсон байна. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад Азийн шинжлэх ухаан технологийн кластерүүд дэлхийн шилдэг 100-г тэргүүлсэн байна.
Шилдэг 100 S&T-д хамгийн олон шинжлэх ухаан технологийн кластеруудыг багтааж чадсан улс орнууд нь Хятад, АНУ байх бөгөөд өмнөх жилүүдийн нэгэн адил 2024 онд Шинжлэх ухаан технологийн шилдэг 100 кластерууд нь гол төлөв Хойд Америк, Европ, Ази гэсэн гурван бүс нутагт төвлөрч байна. Хятад, АНУ гэсэн дэлхийн хоёр гол эдийн засаг кластеруудын хөгжлөөрөө сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөх болсон нь дэлхийн инновацын индексийн эрэмбээр тодорхой ажиглагдах болсон байна.