УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга С.Тулга болон ерөнхий боловсролын сургуулийн 27 захирал ШУТУБП-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2026.06.12 “Монгол Улсын Их Сургууль – Ерөнхий боловсролын сургуулийн технологи, инновацын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын дарга С.Тулга болон тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 27 захирал Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зочид Паркийн дэд бүтэц, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагаатай танилцаж, инновац, технологид суурилсан боловсролын хөгжлийн чиглэлээр санал солилцов.

Танилцах аяллын үеэр:

  • ;• Технологи зүгшрүүлэлтийн цех – инновацлаг санааг бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх, турших үйл явцтай танилцав.
  • ;• GerLab инженерийн урлан төв – сурагч, залуусын инженерчлэлийн сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэх орчин үеийн лабораторийн үйл ажиллагааг үзэж сонирхов.
  • ;• SC Play хөтөлбөр – хүүхэд, залуучуудад шинжлэх ухаан, технологийг сонирхолтой хэлбэрээр түгээн дэлгэрүүлж буй сургалтын арга зүй, хэрэгжилттэй танилцлаа.
  • ;• Стартап компаниуд – Паркийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа хөгжүүлж буй гарааны бизнесүүдийн инновацлаг бүтээгдэхүүн, технологийн шийдлүүдтэй танилцаж, туршлага солилцов.

Уулзалтын үеэр оролцогчид боловсролын салбарт инновац, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, сурагчдын инженерчлэлийн сэтгэлгээ, бүтээлч чадварыг хөгжүүлэхэд Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн гүйцэтгэж буй үүрэг, оролцоо чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

  • ; 1.Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;
  • ; 2.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэргэжил сонголтыг дэмжих нөлөөллийн сургалт, танин мэдэхүйн аяллыг хамтран зохион байгуулах;
  • ; 3.МУИС-ийн эрдэмтэн, профессор багш нартай хамтран сурагчдыг улсын болон олон улсын олимпиадад бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • ; 4.МУИС-ийн Биологийн тэнхмийн багш, доктор, дэд профессор Д.Лхагвасүрэнгийн хөгжүүлж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулах;
  • ; 5.GerLab инженерийн төвд сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулж үйлдвэрлэн, Сэлэнгэ аймгийн сургуулиудад түгээн нэвтрүүлэх;
  • ; 6.Сэлэнгэ аймагт “Мини GerLab” инженерийн төв байгуулах санаачилгыг дэмжин хамтран ажиллах.

Энэхүү уулзалт нь ерөнхий боловсролын сургуулиуд, их сургууль болон инновацын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт шинжлэх ухаан, технологийн ололтыг үр дүнтэй нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Биднийг зорин ирж, үнэтэй санал, зөвлөмжөө хуваалцан, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын удирдлагууд болон ерөнхий боловсролын сургуулийн захирлууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.