Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний бүтээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол, бизнесийн хөгжлийн дэмжих, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад Увс аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч тэр дундаа Тариалан сумын гаралтай бизнес эрхлэгчид санхүүгийн болон удирдлагын мэдлэг олгохоос гадна, инновац шингэсэн шинэ санаа, санаачилгыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, нутагшуулах, ногоон зээл, ногоон бизнесийн боломжуудыг ашиглах, мөн МУИС-ийн стартап, гарааны компаниудын бойжуулж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн аж.
Сургалтад нийт 33 байгууллагын 38 бизнес эрхлэгч хамрагдсан бөгөөд онол, практикийг хослуулан танхимын хэлбэрээр зохион байгуулагдаж, кейс судалгаа, туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь оролцогчдод өндөр үр өгөөжтэй байлаа.
Сургалтад хамрагдсан бизнес эрхлэгчид практик ач холбогдлыг нь онцлон сайшааж, цаашид бизнесийн хөгжлийн чиглэлээр илүү нарийвчилсан сургалтууд хэрэгтэй гэсэн санал гаргасан. Мөн тэд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэх, бизнесийн сүлжээгээ өргөжүүлэхэд сургалт томоохон түлхэц болсон гэж дүгнэж байна.

