ТӨРИЙН ӨМЧИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ УУЛЗАЛТ БОЛЛОО

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркт 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Төрийн өмчийн их сургуулиудын технологи, инновацын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус уулзалтад Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Төрийн өмчийн их сургуулиудын дундын удирдах зөвлөл, Боловсролын яамны төлөөлөл оролцож, их сургуулиудад бүтээгдэж буй инновац, технологи дамжуулалт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

Арга хэмжээг МУИС-ийн ректор Б.Очирхуяг нээж, МУИС-ийн ШУТУБП-ийн захирал О.Мөнхбат инновацын экосистемийг дундын хэлбэрээр хөгжүүлэх, ашиглах боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, МУИС-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн газрын дарга Н.Эрдэнэ “REMS” системийн танилцуулгыг хийлээ.

Мөн арга хэмжээний үеэр МУИС болон ШУТИС-ийн хамтарсан төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслол болсон бөгөөд энэхүү уулзалт нь төрийн өмчийн их сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, инновацын дундын экосистемийг хөгжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.