ҮШУТС-ийн захирал Бат-Эрдэнээр ахлуулсан албаны дарга нарын бүрэлдэхүүн МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

2026.01.21Улаанбаатар хот

Үндэсний Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Бат-Эрдэнээр ахлуулсан албаны дарга нарын бүрэлдэхүүн МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус арга хэмжээнд:

  • МУИС-ийн Ректор Б.Очирхуяг,
  • ҮШУТС-ийн Ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ,
  • Захиргаа, удирдлагын алба, Санхүү, төлөвлөлтийг алба болон Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар паркт зочиллоо.



Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, инновацыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж өрсөлдөх чадвартай шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг зэх зээлд гаргах, шинжлэх ухааны мэдлэг, шинэ бүтээлийг түгээн дэлгэрүүлж, инновацын соёлыг төлөвшүүлэх чиг үүргээрээ тус хоёр байгууллагын зорилго, үйл ажиллагаа нэг юм.

Зочид Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцаж МУИС-ийн эрдэмтэн судлаачдын бий болгосон оюуны өмч, шинэ бүтээлүүдтэй танилцахын зэрэгцээ Жайка-ын “Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд, 2 тэрбум 700сая.төг орчим санхүүжилтээр тохижуулж, байгуулсан Технологи зүгшрүүлэлт, туршилт-үйлдвэрлэлийн цехийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цех нь эм, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний технологийн туршилт, зүгшрүүлэлтийг гүйцэтгэх зорилготой, 400м2 орчим талбайтай, 48 нэр төрлийн орчин үеийн автомат тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, өндөр даралтын мембран ус шүүлтүүрийн системтэй, цехийн засвар, тохижилтыг GMP стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн гэдгээрээ онцлог, давуу талтай.


Мөн Монголын анхны FAB-LAB буюу ГЭРЛАБ инженерийн урлантай танилцаж хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инженерийн ур чадварыг хөгжүүлэх инженерийн нээлттэй орон зайд зочилсон юм. ГЭРЛАБ инженерийн урлан нь төсөөллөө бодит болгон хөгжүүлэх хүсэл, сонирхолтой залуучуудын нээлттэй орон зай бөгөөд ирээдүйн мэкерүүдийг бэлтгэх зорилготой. Зочид паркийн үйл ажиллагаатай танилцаж үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн хүрээнд нээлттэй нөхөрсөг яриа өрнүүллээ. Үүнд: 1. Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ технологи, шинэ бүтээгдэхүүний технологийг хөгжүүлэх, зүгшрүүлэх үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд стандартын шаардлага хангасан технологи зүгшрүүлэлтийн дэд бүтцийн орчин зайлшгүй шаардлагатай байгааг онцолж энэ чиглэлд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. 2. Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, төлөвшүүлэх шинжлэх ухаанч сэтгэлгээтэй иргэнийг бэлтгэхэд ГЭРЛАБ инженерийн урлан цаг үеэ олсон шийдэл болохыг тодотгож байлаа. 3. Эрдэмтэн судлаачдын шинэ мэдлэгийг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, түгээн дэлгэрүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шинжлэх ухаан, технологи, инновац нь улс орны тогтвортой хөгжлийн үндэс тул үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, түншлэл, хамтын ажиллагаа дутагдаж байгааг онцолж байлаа.

Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сангийн удирдлага, хамт олон Улаанбаатар паркт зочилж, бидний үйл ажиллагаатай танилцсанд талархал илэрхийлье.

Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк