Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркаас нийслэлийн Ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн багш нарт зориулан “Интерактив сургалтын арга зүйд суурилсан дижитал платформын хэрэглээ” сэдэвт багшийн мэргэжлийн хөгжлийн сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт нь багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын үйл ажиллагаанд судалгаанд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, MOZAIK платформын дижитал болон интерактив боломжийг бодит хичээлд үр дүнтэй ашиглахад чиглэсэн практик ач холбогдолтой байв.

Сургалтын хүрээнд оролцогч багш нар хичээлийг судалгааны арга зүйд тулгуурлан төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ MOZAIK платформын 3D үзүүлэн, видео, интерактив газрын зураг, дижитал үнэлгээний хэрэгслүүдийг сургалтын зорилгод нийцүүлэн ашиглах арга зүйтэй танилцлаа. Мөн суралцагч төвтэй, идэвхтэй оролцоонд суурилсан сургалтын арга барилыг бодит жишээгээр судлав.
Энэхүү сургалт нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дижитал орчинд нийцсэн, судалгаанд суурилсан сургалтын арга зүйг төлөвшүүлэх, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.




