Монгол–Японы шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний инновацыг дотоодын үйлдвэрлэлд нэвтрүүлэх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, хэлэлцүүлэгт Японы Tokyo Rikosha компанийн ерөнхийлөгч Таканори Оказаки, МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал проф. О.Мөнхбат, ерөнхий менежер Н.Өлзийжаргал болон паркийн мэргэжилтнүүд, Гарааны “Чин ганц” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Пүрэвдалай, хувьцаа эзэмшигчид А.Амарбаяр, Х.Лхам, Б.Баттүвшин нар оролцож нарны эрчим хүч болон цахилгаан халаагуурын хосолсон шинэ үеийн системийн хөгжүүлэлт, технологийн шийдэл, зах зээлийн боломжийг талууд хамтран хэлэлцлээ.

Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн захирал проф. О.Мөнхбат “Гарааны компаниудыг инновац, технологийн хөгжлийн эхний үе шатанд бодитоор дэмжих нь паркийн үндсэн зорилт бөгөөд бид маркетинг, бизнес хөгжүүлэлт болон дэд бүтцийн талаас иж бүрэн дэмжлэг үзүүлэх боломжтой” хэмээн онцоллоо.

Гарааны “Чин ганц” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Пүрэвдалай компаниа төлөөлөн бүтэц, үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар танилцуулж, Tokyo Rikosha компанитай хамтран шинэ технологи нутагшуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх санал дэвшүүлэв.


