Монгол Улсад Байгалийн Шинжлэх Ухааны Салбарыг дэмжихэд чиглэсэн хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парктай хамтран Монгол Улсын боловсролын салбарт байгалийн шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдлэг чадвар, туршлага шинэ санааг солилцож, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “ШИНЖЛЭХ УХААНЧ ХАНДЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Монгол улсын Боловсролын ерөнхий газар, “Дүдү” шинжлэх ухааны музей, “Грийн химистри” ХХК, “Гэртээ туршъя” ТББ, “Science café Ulaanbaatar”, “Шимт боловсрол” ХХК, мөн Монгол Улсын Их Сургуулийн Гарааны “Критивишн” ХХК, “Science play” төслийн төлөөллүүд оролцсон бөгөөд оролцогчид байгалийн шинжлэх ухааны хичээл, сургалтын арга зүйн шинэчлэл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, байгалийн ухааны багш нарын чадавхыг дээшлүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүн болон хөтөлбөрийг сайжруулах чиглэлээр нягт хамтарч ажиллахад санал нэгдэж, тэгш хүртээмжтэй, шинжлэх ухааны боловсролыг хөгжүүлэх зорилгоор цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөн, олон төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тохиролцов.

Уулзалтын үеэр оролцогчид хүүхэд, залуусын байгалийн шинжлэх ухааны сонирхол, мэргэжлийн чиглэлд хандах хандлагыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг ялангуяа боловсролын тогтолцоонд хэрхэн нэвтрүүлэх, төрийн бодлого, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх талаар ярилцсан томоохон алхам боллоо.