“Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк (ШУТУБП) 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчны тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. Хурал нь Монгол Улсад шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацын экосистемийн хөгжлийг дэмжих бодлогын чиглэлийг тодорхойлох, төр–их сургууль–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байв.

Хурлыг нээж МУИС-ийн ШУТУБП-ийн захирал, доктор (Ph.D), профессор О.Мөнхбат үг хэлэхдээ “Шинжлэх ухаан технологийн парк бол инновацын экосистемийн хөдөлгөгч хүч нь байх ёстой. Төр, их сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрх зүйн хүрээнд баталгаажуулж чадвал шинжлэх ухааны үр дүн эдийн засгийн бодит өсөлтөд хүрэх боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо. Тэрээр мөн шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь Монгол Улсын инновацын бодлогын шинэ үе шатны үндэс болохыг тодотгож, “Шинжлэх ухаан технологийн паркийн эрх зүйн байдлын талаарх шинжээчдийн судалгаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

Илтгэлдээ профессор О.Мөнхбат шинжлэх ухаан, технологийн паркуудын эрх зүйн тогтолцоо нь зөвхөн дэд бүтцийн зохион байгуулалтаар хязгаарлагдах бус, инновацын хөрөнгө оруулалт, оюуны өмчийн менежмент, гарааны бизнесийн бойжилтыг дэмжих цогц экосистемийн хуулийн үндэс байх ёстойг тэмдэглэв. Тэрээр “Монгол Улсад шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн механизмыг боловсронгуй болгож чадвал шинжлэх ухаан хөгжлийн бодлогын гол хөдөлгөгч хүчин болно” хэмээн тодотголоо.

Хурлын үеэр Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа “ШУТП – төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, Шинжлэх ухааны паркийн захиргааны гүйцэтгэх захирал Н.Тэгшбаяр “Монгол Улсын шинжлэх ухаан технологийн паркийн эрх зүйн байдал”, мөн УИХ-ийн тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Онолт “Инновацын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ” сэдвээр илтгэл тавьсан юм.

Хурлын нээлттэй хэлэлцүүлгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Н.Батнасан удирдан явуулсан бөгөөд панел хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, их дээд сургуулийн төлөөлөл бүхий дараах эрхмүүд оролцов. Үүнд: ХААИС-ийн хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор доктор Ж.Мөнгөн, ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор Э.Сэлэнгэ, СУИС-ийн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор доктор, профессор Ж.Эрхэмтөгс, мөн “Сократус Стартап Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог нар шинжлэх ухаан, технологийн паркийн эрх зүйн шинэчлэл, инновацын санхүүжилтийн тогтолцоо, гарааны бизнесийн дэмжлэгийн механизмын талаар санал солилцлоо.

Хуралд оролцогчид шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацын экосистемийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэв. Эдгээр үр дүнг цаашид шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагад хүргүүлж, Шинжлэх ухаан, технологи, инновацын тухай хуулийн төсөлд тусгуулахаар ажиллаж байна. Мөн судалгааны үр дүнг “Инновацын экосистем” эрдэм шинжилгээний сэтгүүлийн анхны дугаарт хэвлэн нийтлэхээр төлөвлөсөн.