Дэлхий нийтэд дижитал шилжилт хурдацтай өрнөж, хиймэл оюун, их өгөгдөл, виртуал бодит байдал зэрэг олон дэвшилтэт технологи бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсээр байна. Технологийн энэхүү хөгжил нь боловсролын салбарт ч шинэ шинэ боломжуудыг бий болгохын хэрээр бидний сурах арга барил ч дагаад өөрчлөгдөж эхэллээ.
Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын анхны 3D виртуал сургуулийг хөгжүүлэх ажлыг эхлүүлэн өнөөдөр та бүхэнд эхний хувилбараа танилцуулж байна. Энэхүү виртуал сургууль нь дижитал шилжилтийн нэгэн жишээ болоод зогсохгүй боловсролын салбарт технологийг үр дүнтэй ашиглах шинэ боломжийг нээн өгч байна.
Виртуал сургуулийн онцлог нь компьютерээр байгуулсан виртуал орчинд хэрэглэгч өөрийн аватар дүрийн тусламжтай нэвтэрч, бодит амьдрал дээр ч турших боломжгүй тэрхүү туршлагаас хамтдаа суралцах, харилцах боломжийг олгоно.
Энэхүү виртуал сургуульд зочилсноор
- Нарны аймгийн системээр аялж, гараг ертөнцийн талаар судлах
- Монголын түүхэн дурсгалт газруудаар виртуал аялал хийх
- “Монголын нууц товчоо”-г сонирхолтой хэлбэрээр гүнзгийрүүлэн судлах
- Байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг виртуал орчинд турших
- Өөрийн сурсан мэдсэнээ сорих, шинэлэг хэлбэрээр бататгах зэрэг олон боломжууд нээгдлээ.


Нийслэлийн ЕБС-ийн 2, 5, 84-р сургуулийн сурагчид тус виртуал сургуулийн Асуулт хариултын виртуал танхимд өөрсдийн мэдлэг оюунаа сорин өрсөлдөж, виртуал сургуулийн анхны хэрэглэгчид боллоо.


Та guyuk.mn веб сайтаас Виртуал сургуулийн программыг компьютертээ татаж суулган, анги хамт олноороо шинэ үеийн боловсролын орчинтой танилцаарай.