БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөлөө

МУИС-ийн үндэс суурийг тавьсан Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан өнөөдөр /2025.02.08/ МУИС-ийн удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед Монголын дээд боловсрол, шинжлэх ухааны талаар гарсан түүхэн шийдвэр буюу дээд сургууль байгуулах санаачилга, шийдвэр нь Маршал Х.Чойбалсантай салшгүй холбоотойг эрдэмтэд түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. Маршал Х.Чойбалсан “Улаанбаатар хотноо Улсын Университетийг байгуулах тухай” /1940 оны 12 дугаар сарын 6/, “Дээд сургуулийн бэлтгэл курсэд суралцах хугацааг сунгах тухай” /1941 оны 3 дугаар сар/, “Дээд сургуулийн бэлтгэл ангийн курсийг өөрчлөн зохион байгуулах тухай” /1941 оны 9 дүгээр сар/, “Дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирал томилох тухай” /1942 оны 3 дугаар сар/ зэрэг Монгол Улсын дээд боловсролын ууган голомт, Улсын Университет буюу өнөөгийн Монгол Улсын Их Сургуулийг байгуулах түүхэн шийдвэрүүдийг гаргаж байжээ.Түүнчлэн 1945 онд МУИС-ийг “Маршал Чойбалсаны нэрэмжит Улсын Университет” болгож, мөн оны 2 дугаар сард СнЗ-ийн 6-р тогтоолоор “Чойбалсангийн нэрэмжит цалин”-г бий болгон 3 оюутанд сар бүр олгож байхаар шийдвэрлэсэн байна.МУИС-ийн урд талд байрлах Х.Чойбалсангийн хөшөөг Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд 1946 онд Уран барималч С.Чоймбол бүтээсэн бөгөөд монгол хүний бүтээсэн орчин үеийн анхны хөшөөний нэг гэж үздэг бөгөөд Маршалыг амьд ахуй цагт нь босгосон хөшөө гэдгээрээ онцлог юм. Тус хөшөөг “Залуучуудын эвлэлийн 25 жилийн ой болон олон сургуулийн нээлтийг тохиолдуулан Улсын Их Сургуулийн өмнө Маршал Чойбалсангийн баримлыг нээлээ” хэмээн түүхэн бичлэгт өгүүлжээ.

Эх сурвалж: МУИС