МУИС-ийн ШУТУБП дээр GMP-ийн стандарт шаардлагад нийцсэн Технологи Зүгшрүүлэлт, Үйлдвэрлэлийн Цехийг байгуулахаар ажиллаж байна

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк (ШУТУБП) нь GMP-ийн стандарт шаардлагад нийцсэн технологи зүгшрүүлэлт үйлдвэрлэлийн 3 шугамтай цехийг байгуулахаар ажиллаж байна. Тус цех нь Монголын их сургуулиудын хувьд анхдагч болох бөгөөд 2025 оны 1-р улиралд ашиглалтад орно. Тус цех нь нийт 435м2 талбайтай бөгөөд дараах гурван шугамтай байна.

 • Усан суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн шугам. Энэхүү шугам нь 14 тоног, төхөөрөмжөөс бүрдсэн хүнс, хүнсний нэмэлт болон гоо сайхны усан суурьтай төрөл бүрийн бүтээгдэхүүний технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам юм.

Үүнд: Ундаа, жүүс, гоо сайхны төрөл бүрийн чийгшүүлэгч, серум, лосион, эмчилгээний төрөл бүрийн мист, ам зайлагч уусмал гэх мэт орно. Энэ үйлдвэрлэлийн шугамыг ИТС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Дэд профессор Б.Туяагэрэл ахлагчтай баг “Шар сүүний хаягдал боловсруулж пробиотик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн туршилт хөгжүүлэлт” сэдэвт төслийн хүрээнд ашиглалтад оруулна.

Тосон болон гелин суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн шугам. Энэхүү шугам нь нийт 18 тоног төхөөрөмжөөс бүрдсэн, эмчилгээний болон гоо сайхны төрөл бүрийн тосон суурьтай бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам юм.

Үүнд: Эмчилгээний төрөл бүрийн тос, гель, гар, нүүр, биеийн тосон бүтээгдэхүүн гэх мэт орно. Энэ үйлдвэрлэлийн шугамыг ШУС-БУС-ийн Биологийн тэнхимийн Дэд профессор Ө.Энэрэлт ахлагчтай баг “Сагсаа чонын өргөс ургамлаар нийлэгжүүлсэн мөнгөний нанобөөм агуулсан үрэвслийн эсрэг шархны тос” сэдэвт төслийн хүрээнд ашиглалтад оруулна.

 • Шахмал олон савалгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн шугам. Энэхүү шугам нь нийт 10 тоног төхөөрөмжөөс бүрдсэн, хүнс хүнсний нэмэлт болон гоо сайхны усан суурьтай төрөл бүрийн бүтээгдэхүүний технологийн туршилт зүгшрүүлэлт хийх хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам юм.

Үүнд: Төрөл бүрийн шахмал эм, эмчилгээний болон гоо сайхны, бүтээгдэхүүн орно. Энэ үйлдвэрлэлийн шугамыг ИТС-ийн Биологийн тэнхимийн Дэд профессор Б.Даваапүрэв ахлагчтай баг “Ургамлын биотехнологийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт” сэдэвт төслийн хүрээнд ашиглалтад оруулна.

Түүнчлэн цехийг дээр дурдсан бүтээгдэхүүнээс гадна нийт МУИС-ийн багш оюутнууд, үндэсний их сургуулиуд, ШУА болон хувийн хэвшлүүдэд нээлттэй байдлаар ашиглах болно. Цехийг Жайка олон улсын байгууллагатай хамтарсан M-JEED төслийн хүрээнд 1.6 тэрбум, МУИС-ийн төвлөрсөн сангаас 405 сая, нийт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна.

Усан суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийн зохион байгуулалт,

тоног төхөөрөмжүүд (Модуль-1)

Тосон ба гелин суурьтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийн зохион

байгуулалт, тоног төхөөрөмжүүд (Модуль-2)

Шахмал олон савалгаат бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийн зохион байгуулалт,

 тоног төхөөрөмжүүд (Модуль-3)