МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркт “Инновацын аялал” зохион байгуулагдлаа

МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркт 2026.02.02-нд “Инновацын аялал” арга хэмжээ зохион байгуулагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны харьяа Инновац, дүн шинжилгээний хэлтсийн хамт олон паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус арга хэмжээнд Инновац, дүн шинжилгээний хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ш.Алтансоёмбоор ахлуулсан мэргэжилтэн, алба хаагчид оролцсон бөгөөд шинжлэх ухааны мэдлэг, шинэ бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, инновацын соёлыг төлөвшүүлэх чиглэлээр хоёр байгууллагын зорилго, үйл ажиллагаа нэгдмэл болохыг онцолсон юм.


Аяллын хүрээнд зочид Улаанбаатар паркийн үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдтэй танилцаж, МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бий болгосон оюуны өмч, шинэ бүтээлүүд, мөн Технологи зүгшрүүлэлт, туршилт-үйлдвэрлэлийн цех-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн Монголын анхны FAB-LAB буюу ГЭРЛАБ инженерийн урлан-д зочилж, хүүхэд, залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инженерийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн инженерийн нээлттэй орон зай, түүний үйл ажиллагаатай танилцсан юм. ГЭРЛАБ инженерийн урлан нь төсөөллөө бодит болгон хөгжүүлэх хүсэл, сонирхолтой залуучуудын нээлттэй орон зай бөгөөд ирээдүйн бүтээлчдийг бэлтгэх зорилготой.


Арга хэмжээний үеэр нээлттэй, нөхөрсөг яриа өрнөж, судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болсон шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, зүгшрүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд стандартын шаардлага хангасан технологи зүгшрүүлэлтийн дэд бүтцийн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Мөн шинжлэх ухаан, технологи, инновац нь улс орны тогтвортой хөгжлийн үндэс тул үр ашигтай үндэсний инновацын тогтолцоог бүрдүүлэхэд салбар дундын уялдаа холбоо, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг талууд санал нэгтэйгээр илэрхийллээ.


Түүнчлэн Инновац, дүн шинжилгээний хэлтсийн чиг үүрэгтэй уялдуулан МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай хамтран Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд инновац нэвтрүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээ хийх зэрэг тодорхой саналуудыг харилцан солилцов. Талууд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодит үр дүн бүхий хамтарсан ажил, төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.


Энэхүү арга хэмжээнд оролцож, Улаанбаатар паркийн үйл ажиллагаатай танилцсан Цагдаагийн ерөнхий газрын Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны харьяа Инновац, дүн шинжилгээний хэлтсийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.