Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан сургалтын эхний шат амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк болон Төрийн банк ХК хамтран хэрэгжүүлж буй “Манлайлалд суурилсан бизнесийн стратеги ба өсөлт” сэдэвт сургалтын хөтөлбөрийн эхний шат 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн захирал О.Мөнхбат, Төрийн банкны Бөхийн өргөө тооцооны төвийн захирал Э.Мөнхжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн профессор С.Батхишиг багш бизнес хөгжүүлэгч багш нарыг төлөөлөн оролцож, хөтөлбөрийн ач холбогдол болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн манлайлал, хөгжлийн талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн сургалтын үйл ажиллагаанд холбогдох байгууллагуудын төлөөлөл, оролцогч бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өргөн хүрээтэйгээр оролцсон юм.

Уг хөтөлбөр нь дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд оролцогчид стратегийн төлөвлөлт, борлуулалтын стратеги, санхүүгийн удирдлага, байгууллагын менежмент, дижитал шилжилт, сошиал маркетинг, манлайлал, оюуны өмч зэрэг бизнесийн гол чиглэлүүдээр онол, практикийг хослуулсан цогц мэдлэг, ур чадварыг эзэмших юм. Хөтөлбөр нь оролцогчдын бизнесийн үйл ажиллагаанд шинэлэг шийдэл, бүтээлч арга барил нэвтрүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэхийг зорьж буйгаараа онцлогтой.

Сургалтын эхний шатны хүрээнд “Стратегийн төлөвлөлт” болон “Борлуулалтын стратеги” сэдвийн дагуу хичээлүүдийг зохион байгуулж, оролцогчид стратегийн шинжилгээний аргачлалд тулгуурлан байгууллагын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, зорилтот хэрэглэгчдэд чиглэсэн борлуулалтын стратеги боловсруулах мэдлэг, чадвараа ахиуллаа.

Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш, доктор Д.Батцэцэг болон ШУТУБП-ийн бизнес, маркетингийн мэргэжилтэн С.Мөнхжаргал нар удирдан явуулсан бөгөөд оролцогчдын идэвх, оролцоо өндөр байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Сургалт нь зөвхөн мэдлэг, ур чадвар олгоход чиглэгдсэн төдийгүй оролцогч эмэгтэйчүүдийн хооронд туршлага солилцох, харилцаа холбоо тогтоох, бизнесийн сүлжээг өргөжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал боломжийг бүрдүүлсэн харилцан уялдаатай, үр дүнтэй уур амьсгалд үргэлжилсэн.