Стартап экосистемийн зураглал гэдэг нь тухайн бүс нутагт гарааны бизнесийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй гол тоглогчдын танилцуулга юм. Энэхүү ойлголт дэлхий дахинаа бий болоод удаж байгаа бөгөөд олон жилийн туршид аажмаар хөгжиж ирсэн тул манай орон ч мөн сүүлийн жилүүдэд уг зураглалыг гаргаж, танилцуулах нь гарааны бизнесүүдийн хувьд хүлээлт болоод буй. Нөгөөтээгүүр стартапууд дундын хүрээллээ бэхжүүлэх, тэлэх, хөрөнгө оруулалт хүртэх зорилгоор уг зураглалд багтахыг эрмэлздэг болсон. Ингэснээр стартапуудад хөрөнгө оруулалтын боломжууд бий болох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа бэхжих, бизнесийн салбарт нэвтрээд буй технологийн шийдлүүдтэй танилцах зэрэг ашиг тустай юм.