Өнөөдөр /2024.12.16/ ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон МУИС хамтран хэрэгжүүлж буй “JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хичээлийн хүрээнд зохион байгуулдаг нээлттэй тусгай лекц “Япон Улсын хот төлөвлөлтийн хөгжлийн туршлага” сэдвээр боллоо.

Зочин илтгэгчээр Васеда их сургуулийн профессор, ЖАЙКА, Огата Садакогийн нэрэмжит Энхтайвны хөгжлийн судалгааны хүрээлэнгийн зочин судлаач Китано Наохиро оролцож Японы бүс нутгийн хөгжлийн болон Хот төлөвлөлтийн туршлага, Хот төлөвлөлтийн тогтолцоо ба бодит хэрэгжилт, Япон Улсын туршлагыг хөгжиж буй орнуудтай хуваалцах буюу Хөрвүүлэн хэрэгжүүлэх загварын /Translative adaptation/ талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн, оролцогчдын асуултад хариулав.Профессор Китано Наохиро 1992 онд анх Монгол Улсад ирж байсан бөгөөд түүнээс хойш ЖАЙКА-ийн Зүүн ба Төв Ази хариуцсан хэлтсийн дарга, ЖАЙКА-ийн Судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан хот төлөвлөлт, тээвэр төлөвлөлт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн юм.

Нээлттэй тусгай лекцийн өмнө МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ, Профессор Китано Наохиро нарын зочдыг хүлээн авч уулзан, зочин илтгэгчид талархал илэрхийлж, амжилт хүслээ.


“JICA Chair” буюу “Японы модернизац, Хөгжил судлал” хөтөлбөр нь дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд Япон Улс болон өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн профессорууд Монголын багш нартай хамтардаг онцлогтой. Тус хичээлийг МУИС-ийн профессор С.Баттулга удирдан явуулдаг бөгөөд МУИС-ийн оюутан суралцагч, түүнчлэн сонирхсон иргэд сонгон судлах боломжтой юм.
Эх сурвалж: МУИС