“МУИС-ийн лого” барааны тэмдгийг хуулбарлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулсан үйлдэлд шийтгэл оногдууллаа

Улсын бүртгэлийн 40-0010940 дугаартай, 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн анхдагч огноотой “МУИС-ийн лого” барааны тэмдгийн Оюуны өмчийн эрхийг Монгол Улсын Их Сургууль эзэмшдэг. Гэтэл нэр бүхий иргэн, хуулийн этгээд уг барааны тэмдгийг ашигласан түлхүүрийн оосрыг олон тоогоор үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүлэн, ШУТУБП-ын Технологи дамжуулах төвөөс Оюуны өмчийн газар-(ОӨГ)-т гомдол гаргасны дагуу холбогдох байгууллагууд зөрчлийн хэрэг үүсгэж шалгажээ. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар дээрх үйлдэл нь “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг зөрчсөн нөхцөл тогтоогдож, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг гурван зуун мянган төгрөгөөр, иргэнийг нэг зуун мянган төгрөгөөр торгож, хууль бусаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хураах шийтгэл оногдууллаа. “МУИС-ийн лого” барааны тэмдэг нь Оюуны өмчөөр баталгаажиж хамгаалагдсан бөгөөд түүнийг ашиглах нь МУИС-ийн Барааны тэмдгийг ашиглах журмаар зохицуулагддаг.

Эх сурвалж: МУИС