МУИС-ийн Жендэр судлалын төв ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Жендэрийн Эрх Тэгш Байдал: Сургамж, Боломж, Шийдэл” Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хурлыг нээж МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал Профессор Шахбаз Хан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар үг хэллээ.




“Жендэрийн Эрх Тэгш Байдал: Сургамж, Боломж, Шийдэл” Эрдэм шинжилгээний хуралд нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын болон гэр бүлийн хүрээний жендэрийн асуудал, салбаруудын бодлого, түүний хэрэгжилт зэрэг асуудлаар таван их сургуулийн 20 гаруй тэнхимийн эрдэмтэн багш нар болон бусад эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид 26 илтгэл хэлэлцүүллээ. Үдээс өмнөх хуралдааныг МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, ЮНЕСКО-ийн Нийгмийн Өөрчлөлтийн Удирдлага Хөтөлбөрийн Монголын Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга, доктор Ц.Цэцэгжаргал, Жендэр судлалын магистрын хөтөлбөрийн магистрант, Хүний эрхийн Үндэсний Комиссын мэргэжилтэн Л.Мөнхтулга нар, Үдээс хойшх хуралдааныг Жендэр судлалын төвийн гишүүн, МУИС, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн ахлах багш, доктор Б.Баярмаа, Жендэр судлалын магистрын хөтөлбөрийн магистрант, Мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н. Батзориг нар тус тус удирдан хуралдууллаа.


МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн багш нар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-гийн Нийгмийн Өөрчлөлтийн Удирдлага Хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороотой 2021 оноос хойш хамтран ажиллаж, 2021 онд “Жендэрийн Тэгш Байдлыг Хөхиүлэн Дэмжиж Жендэрт Суурилсан Хүчирхийллийг Бууруулах нь”, 2022 онд “Ковид-19 Цар Тахал: Нийгэм, Эдийн Засгийн Үр Нөлөө Ба Тэгш Бус Байдлыг Бууруулах нь” Эрдэм шинжилгээний хурлыг тус тус хамтран зохион байгуулсан. Мөн Сургуулийн орчин дахь хүчирхийлэл, дээрэлхэлттэй тэмцэх олон улсын өдөр болон Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жил бүр ЕБС-ийн сурагчид болон Их, дээд сургуулийн оюутнуудыг хамарсан үйл ажиллагаа хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Эх сурвалж: МУИС