МУИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркын мэргэжилтнүүд АНУ-ын КОЛОРАДО МЕСА их сургуулийн профессор, доктор Тимоти С. Хаттены “ Experiential Entrepreneurship ” сэдэвт нээлттэй лекцийн хүрээнд гарааны компаниудад үзүүлэх энтрепренерүүдийн зөвлөх үйлчилгээ, туршлагатай бизнес эрхлэлтийн талаарх илтгэлийг сонсож чадавхжуулах сургалтад хамрагдлаа. Доктор Тимоти С. Хаттен нь Монгол улсын гарааны бизнес эрхлэгчид болон тэдгээрт дэмжлэг үзүүлэн ажилладаг парк, хаб, инновацын төвүүдийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой “ Маркетинг”, “Санхүү”,” хөрөнгө оруулалт”-ийн талаарх цуврал сургалтуудыг зохион байгуулдаг бөгөөд бизнесийн удирдлага, бизнесийн инкубаци, гарааны компанийн хөгжүүлэлтийн талаар арвин туршлагатай эрдэмтэн юм. Сургалтын хүрээнд гарааны компаниудад түгээмэл тулгардаг саад бэрхшээлүүд болон түүнийг гэтлэн давах арга зам, Гарааны компанийг хөгжүүлэх талаар төр засгийн зүгээс үзүүлэх дэмжлэг туслалцаа, хөтөлбөрийн талаар АНУ-ын туршлагыг хуваалцаж ярилцлаа. АНУ-д түгээмэл үйл ажиллагаа явуулдаг Venture capital буюу хувийн хөрөнгөөр урт хугацаанд өсөх боломжтой гарааны компаниуд болон жижиг бизнесүүдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ болон Angel investor үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүсийн талаарх ойлголтуудыг энэхүү сургалтаар олж авлаа.

