Монгол Улсын хэмжээнд оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийт их, дээд сургуулиудын оюутан суралцагчдыг эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамруулна. МУИС-ийн оюутан суралцагчдыг 2024 оны 11 дүгээр сарын 04-15-ны хооронд хоёр долоо хоногийн хугацаатай эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.
Эрт илрүүлэг оношилгоо, шинжилгээг 11 дүгээр сарын 04-08-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс МУИС-ийн эмнэлэгт байрлан хийх бөгөөд оюутан суралцагчид 10:00-14:00 цагийн хооронд хамрагдах боломжтой. Харин хоёр дахь долоо хоногт буюу 11 дүгээр сарын 11-15-ны өдөр оюутан суралцагчид Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд очиж оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой.
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцож байгаа оюутан суралцагчид хамрагдах боломжтой бөгөөд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийлгэхдээ Эрүүл мэндийн даатгалыг 2019 оноос хойш бүрэн төлсөн байх шаардлагатайг анхаарна уу.
Оюутан суралцагчид тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиас доошгүй төлбөрийг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлдөг. Жишээлбэл, энэ 2024 онд оюутнууд сарын 6600 төгрөг, жилийн 79200 төгрөгийг төлнө.
ЭМД-ын төлөлтөө НӨАТ-ын баримт бүртгүүлдэг E-Barimt аппликейшнээр төлбөл 10 минутад шууд баталгааждаг. Харин ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөгдсөн эсэхийг https://emd.gov.mn/rd/search линкээр орж лавлах боломжтой.
И-Баримтаар төлөх заавар: https://emd.gov.mn/news/490
Эрт илрүүлэгт хамрагдсанаар эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх боломжтой учраас оюутан залуус та бүхнийг өөрийнхөө эрүүл мэндийн төлөө идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Оюутны хөгжлийн газар