Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков МУИС-д 2024 оны есдүгээр сарын 10-ны өдөр зочиллоо.Элчин сайд А.Н.Евсиков хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэн ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Тэрбээр саяхан ОХУ-д томилолтоор ажиллах үедээ их дээд сургуулиудын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон талаар мэдээлэл өгөв. Тухайлбал Москвагийн физик, инженерийн сургууль (МИФИ) МУИС-тай онолын болон цөмийн физикийн чиглэлээр оюутан сургах, багш судлаачдийн мэргэжил дээшлүүлэх, МИФИ-д англи, орос хэл дээр аспирантурт сургах гэх мэт чиглэлүүдээр ажиллах санамж бичиг байгуулах талаар саналаа илэрхийлснийг уламжлав. Ректор Б.Очирхуяг элчин сайдын саналыг хүлээн авч буйгаа илэрхийлээд МИФИ-тэй гэрээ байгуулахыг дэмжсэн ба судалгааны түншлэлийг хөгжүүлэх үүднээс МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвтэй хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо. Түүнчлэн хоёр улсын эрдэмтэд хоорондын харилцааг эхлүүлэх, өргөжүүлэх нь бодитой хамтын ажиллагааны суурь үндэс гэдгийг дурдаад орос, монголын багш нар хоёр орны төслийн сангуудад хамтран өргөдөл мэдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл солилцох, хамтарсан судалгаа явуулах, судалгааны платформуудыг хамтран ашиглах зэрэг боломжийг эрэлхийлж хамтран ажиллах нь үр дүнтэй талаар ярив. Монгол Улс нь хуучнаар ЗХУ-д хүний нөөцийг улсын бодлогоор дэмжиж сургаж бэлтгэдэг байсан бөгөөд залуу үеийнхэнд орос хэл болон соёлыг дэмжих хөтөлбөрүүд чухал ач холбогдолтойг дурдав.Проректор С.Гомбобаатар 1970 онд Монгол-Оросын эрдэмтдийн хамтарсан салбар дундын Хөвсгөл судалгааны экспедиц амжилттай эхэлж хэрэгжсэн талаар яриад үүнтэй ижил оюутан багшийн хамтарсан судалгааны багийг үүсгэн ажиллах нь олон давуу талтай байдгийг онцлов.Талууд геологи, газарзүй, гидрогеологи, эмийн ургамал судлал, газар хөдлөл судлал зэрэг чиглэлээр уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинээр эхлүүлэх замаар ажиллах мөн ОХУ-д төгссөн эрдэм судлаачдыг дэмжих, залууст зориулсан хэл, соёлын хөтөлбөрийг явуулах замаар ирээдүйн түншлэл, нөхөрлөлийн хамтын ажиллагааг бүрэн дэмжиж ажиллахаар санал нэгдлээ.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР