Уралын Холбооны Их сургуулийн ректор айлчиллаа

ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны Их сургуулийн (Уральский Федеральный Университет имени первого Президента Б.Н.Ельцина) ректор В.А.Кокшаров тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны есдүгээр сарын 09-ний өдөр МУИС-д айлчиллаа. Тус сургуулийн зүгээс гадаад харилцааны асуудал эрхэлсэн С.Г.Тушин, тэргүүн дэд захирлын орлогч А.В.Понамарев, Нийтийн удирдлага, бизнесийн сургуулийн захирал А.К.Клюев, Мэдээллийн бодлого, хөгжлийн асуудал эрхэлсэн проректор Д. А.Бенеманский, Шинэ материал, технологийн хүрээлэнгийн өнгөт металлын металлургийн тэнхимийн профессор Д.А. Рогожников нар уулзалтад оролцлоо.

МУИС-ийг төлөөлж ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор C.Гомбобаатар, УТСОУХНУС-ийн захирал С.Мөнхбат болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар зочдыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд УХИС-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж хамтран ажиллах боломж бүхий чиглэлүүдээр талууд санал солилцлоо. УХИС нь 1920 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 44 мянга гаруй оюутан, дөрвөн мянга гаруй багш ажилтан, 11 эрдэм шинжилгээний хүрээлэнтэй үйл ажиллагаагаа явуулдаг улсынхаа топ их дээд сургуулиудын нэг юм. Орос, англи хэл дээр бакалаврын 150 гаруй, аспирантурын 130 гаруй, 10 мянга орчим цахим хөтөлбөрүүдийг нийгэм, хүмүүнлэг, байгалын ухаан, инженер технологи, IT чиглэлүүдээр хэрэгжүүлдэг сургууль юм. УХИС нь 15 хөтөлбөр QS subject ranking эрэмбэд эрэмбэлүүлсэн бөгөөд Scopus, Web of Science платформд бүртгэлтэй 12 гадаадын сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.УХИС нь энэ удаагийн айлчлалаар нийтийн удирдлага болон нийгмийн бодлогын чиглэлээр хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ажлын төлөвлөгөө гаргах үндсэн зорилготой ирсэн талаар мэдээлээд бусад хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцох хүсэлтэй буйгаа илэрхийллээ.Ректор Б.Очирхуяг УХИС-ийн зүгээс гаргаж буй саналыг бүрэн хүлээж авч буйгаа илэрхийлээд хамтын ажиллагаа нь хоёр сургуулийн профессор хоорондын харилцаан дээр тулгуурлаж бодитой хэрэгждэг учир олон улсын сэтгүүлд хамтарсан бүтээл хэвлүүлэх, хоёр орны төслийн сангуудад хамтарсан өргөдөл мэдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээлийн платформыг хамтран хэрэглэх болон хоёр орны хэл, соёлыг таниулах үүднээс оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал дэвшүүлэв. Ректор В.А.Кокшаров дурдсан чиглэлүүдээр хамтарч ажиллахад нээлттэй буйгаа илэрхийлээд монгол оюутан залуу судлаачид иж бүрэн чиглэлүүдээр олимпиадад оролцож УХИС-д аспирантурт тэтгэлгээр суралцах сайхан боломжийн талаар мэдээлэл өгөв. Энэхүү олимпиадын талаарх мэдээллийг od.globaluni.ru веб сайтаас авах боломжтой юм. Мөн оюутан солилцооны зуны хөтөлбөрт МУИС-ийн оюутнуудыг долдугаар сард хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлэв.УХИС-ийн ректор 2026 он гэхэд тус сургууль нь улсдаа төдийгүй Европд томоохонд тооцогдох иж бүрэн шинэ кампус барьж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд МУИС-ийн удирдлага, багш, оюутнууд УХИС-д айлчлах боломж тохиовол шинэ кампусыг сонирхож зочилж үзэхийг урив.Уулзалтын төгсгөлд талууд хоёр талаас нийтийн удирдлагын хамтарсан магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын төлөвлөгөөг нэг сарын хугацаанд боловсруулахаар тохиролцов.