“Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн явцын шалгаруулалт боллоо

МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төв, “Рио Тинто Монгол” компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн явцын шалгаруулалтын үйл ажиллагааг 2024 оны зургаадугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Явцын шалгаруулалтад нийт 17 баг оролцож, хөгжүүлж буй төслөө танилцуулав. Шүүгчдээр “М Старс Хаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваажамц, “Стартап Маркетинг Спасе” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, “Сократус Стартап Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог, СЭЗИС-ийн проректор Г.Батхуяг, Технологи дамжуулах төвийн эрхлэгч Ш.Наранмандах нар ажиллаж, стартап төслүүдийг инновацлаг шинжлэх ухааны мэдлэг шингэсэн байдал, асуудлыг шийдвэрлэсэн байдал, бизнес загвар, санхүү, багийн бүрэлдэхүүн зэрэг үзүүлэлтээр үнэлэв. Шалгаруулалтын дүнд дараагийн шатанд 13 багийг сонгож шалгарууллаа. Шалгаруулалтаар дараах дөрвөн баг хамгийн өндөр үнэлгээг авлаа. Үүнд:~ Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш Г.Болдбаатар удирдагчтай “Squadron” баг ~ Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Д.Эрдэнэчимэг удирдагчтай “Elothio” баг ~ Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор С.Батхишиг удирдагчтай “Монгол Гэсэр” баг ~ Биологийн тэнхимийн ахлах багш Г.Оюундэлгэр удирдагчтай “Mouthwood” баг Шалгаруулалтын төгсгөлд “Сократус Стартап Студио” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхцог, асуудлыг илүү өргөн цар хүрээтэй харж, зөвхөн монголд төдийгүй гадаадад хэрэгжихүйц санааг хөгжүүлэхийг зөвлөлөө. “М Старс Хаб” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц, том зах зээлд гарах боломжтой төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хөтөлбөрт оролцогч нийт багууддаа инновацыг бүтээх, хөгжүүлэх ажилд нь өндөр амжилт хүсье.

МУИС-ийн ШУТУБП-ийн Технологи дамжуулах төв

77307730 – 1160

tto@num.edu.mn