Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрущанский Борбала МУИС-ийн оюутнуудад Европын холбооны тухай лекц тавилаа

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Др. Обрущанский Борбала МУИС-д 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр зочилж, оюутан залууст Европын Холбооны тухай лекц уншиж, Унгар Улсад суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө.

Лекцийн өмнө хатагтай Др. Обрущанский Борбалаг МУИС-ийн ректорын ажлын албаны дарга Н.Баатарбилэг хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр МУИС болон Унгарын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар болон цаашид хамтран ажиллах боломжтой салбар чиглэлүүдийн талаар санал солилцлоо.