МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг, Худалдааны тэнхим Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “Маркетинг, бизнесийн хөгжлийн асуудлууд” сэдэвт оюутан суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг Монголын Маркетингийн Холбоотой хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал 2024 оны тавдугаар сарын 01-ний өдөр МУИС-ийн номын санд болов. Арга хэмжээг “Профессор Д.Дагвадорж багшийгаа эргэн дурсахуй” болон “Оюутан суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал” гэсэн хоёр хэсгээр зохион байгуулав. Арга хэмжээнд профессор Д.Дагвадоржтой мөр зэрэгцэн ажиллаж байсан МУИС-ийн ахмад багш ажилтнууд, гэр бүлийнхэн нь, үүсгэн байгуулсан Монголын Маркетингийн Холбооны удирдлага, гишүүд, мэргэжил нэгт зочид, багшийн үе үеийн шавь нар болон маркетинг бизнесийн удирдлагаар суралцаж буй оюутан залуус, нийт 120 зочин төлөөлөгч оролцлоо.

Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр их дээд сургуульд суралцаж буй оюутан суралцагчдын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний энэхүү хуралд найман их сургуулийн 29 илтгэлийг хэлэлцүүллээ. Хуралд,
- Тэргүүн байр: “Хэрэглэгчдийн хөлдөөсөн хүнс худалдан авах эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдвээр У.Энхжин (МУИС, Бизнесийн сургууль),
- Дэд байр: “Ажлын байрны сонголтод ажил олгогчийн брэндинг болон цахим сүлжээний нөлөөллийг тодорхойлох судалгаа” сэдвээр Ц.Өсөхбаяр (СЭЗИС),
- Тусгай байр: “Нейромаркетингийн аргаар интернэт банкны үйлчилгээнд хийсэн судалгааны үр дүнг ашиглах боломж: Зэт (Z) үе” сэдвээр И.Болормаа, Б.Номин-Эрдэнэ (Идэр их сургууль) тус тус эзэлж, мөнгөн шагналын эзэд боллоо.
Шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадорж нь МУИС-д 1976 оноос хойш тасралтүй 33 жилийн туршид багшилсан бөгөөд 1990-ээд оны эхэн үеэс Маркетинг хэмээх шинэ салбарыг Монгол Улсын дээд боловсролын салбарт нутагшуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй түүний эхлүүлсэн үйл хэрэг нь өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
МУИС, МАРКЕТИНГ ХУДАЛДААНЫ ТЭНХИМ