НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон Улсын Ойн Өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2024 онд энэ өдрийг “Ой ба инновац” уриан дор тэмдэглэж байна. Монгол Улсад Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон магистрын түвшний оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд тус IX хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 38 илтгэлийг хэлэлцүүлж, хурлын үйл ажиллагаанд нийт 100 хүн оролцов. Энэхүү хурал нь ойн салбарын мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчид судалгааны ажлын арга зүй эзэмшүүлэх, тэдний эрдэм шинжилгээний ажлын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн хуралд оролцогчид Монгол орны ойн экосистемийн төлөв байдал, уур амьсгалын үзүүлэлтэд үзүүлж буй хариу үйлдэл, ой хамгаалал, ойжуулалт, нөхөн сэргээлтийн шинэ технологи, инновацын чиглэлээр хийгдэж буй судалгааны үр дүнгүүдээ илтгэлээ.

