“Багш оюутны стартап 2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Монгол Улсын Их Сургууль (МУИС) “Рио Тинто Монгол” компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап-2024” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн найм дахь жилийн бүртгэл эхэллээ. Жил бүр зохион байгуулагддаг уг хөтөлбөрийг “Рио Тинто Монгол” компани дэмжин санхүүжүүлдэг бөгөөд багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд багш судлаач, оюутан залуус хамтран өөрсдийн багийг бүрдүүлэн энтрепренер сэтгэлгээ болон судалгааны үр дүнгээ бизнес болгох олон сургалтад хамрагдаж, шинэ санаагаа инновацын бүтээгдэхүүн болгон хөгжүүлдэг. Хөтөлбөрийн төгсгөлд Pitch Day буюу төслийн санаагаа танилцуулах өдөрлөг зохион байгуулж шилдэг гурван багийг тодруулж гарааны санхүүжилтийг олгоно. Шинийг эрэлхийлэгч эрч хүчтэй багш судлаач, оюутан залуус та бүхнийг “Багш оюутны стартап 2024” хөтөлбөрт өргөнөөр оролцохыг урьж байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага: 

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Хөтөлбөрийн үйл ажиллагааны ивээн тэтгэгч байгууллага:

РИО ТИНТО МОНГОЛ ХХК

Хөтөлбөрийг дэмжигч байгууллага:

  • МУИС, Бизнес консалтинг төв
  • БШУЯ, Шинжлэх ухааны паркийн захиргаа
  • Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар
  • Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК
  • Сократус стартап студи ХХК
  • Залуу судлаачдыг дэмжих сан
  • Старт централ ази ХХК
  • М старс хаб ХХК
  • Стартап маркетинг спэйс ХХК
  • Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн
  • СЭЗИС
  • МУИС, Дижитал профессор студи

ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Судалгааны үр дүнд шинэ технологи бий болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани эхлүүлэхийг зорьж байгаа МУИС-ийн багш судлаач оюутнуудын хамтаар баг бүрдүүлж, хөтөлбөрт хамрагдах.
  • Багийн гишүүдийн тоо: Нийт 4-7 хүний бүрэлдэхүүнтэй байх (хамгийн багадаа хоёроос доошгүй мэргэжлийн, нэг бизнесийн оюутан, хоёр хүртэлх багш нарын хамтаар).
  • Бүртгүүлсэн багууд хөтөлбөрийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох.
  • Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах танхимын болон цахим сургалтууд болон хөтөлбөрөөс төлөвлөсөн хуваарийн дагуу зохион байгуулах менторын зөвлөх үйлчилгээнд цаг тухай бүрд идэвхтэй оролцох.

ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ

  • “Рио Тинто Монгол” ХХК нь “Түншлэлийн гэрээ”-ний хүрээнд хөтөлбөрийг дэмжиж жил бүр 100 сая төгрөгийн санхүүжилтийг хөтөлбөрийн үйл ажиллагаа болон багуудын хөгжүүлэлт, бойжуулалтад зориулан зарцуулна.
  • Хөтөлбөрт шалгарсан төслийн гарааны тэтгэлэг нийт 30 сая төгрөгийг МУИС-ийн Эрдэм шинжилгээний төсвөөс санхүүжүүлнэ.

ШАЛГАРСАН ГАРААНЫ КОМПАНИЙН ТӨСӨЛД ОЛГОХ САНХҮҮЖИЛТ

Хөтөлбөрт шагналт байр эзэлсэн гурван байрыг шалгаруулан МУИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректортой гэрээ байгуулж, нийт 30 сая төгрөгийн гарааны санхүүжилтийг дараах байдлаар олгоно:

  • Тэргүүн байр – 12 сая төгрөг
  • Дэд байр – 10 сая төгрөг
  • Гутгаар байр – 8 сая төгрөг

БҮРТГЭЛ

  • Бүртгэл эхлэх өдөр: 2024 рны гуравдугаар сарын 26
  • Бүртгэл дуусах өдөр: 2024 дөрөвдүгээр сарын 06
  • Бүртгүүлэх QR код болон линк: https://forms.gle/oF2RmM2stNFSDqhM9

Холбоо барих: МУИС-ийн Технологи дамжуулах төв газар

tto@num.edu.mn , 77307730 (1141)

МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 505 тоот өрөө

Татах [274.70 KB]