“Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-д урьж байна

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгтэй хамтран “Олон Улсын Хотын Хэл Шинжлэлийн Нийгэмлэгийн 21 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал” (ULS21)-ыг хурлыг зохион байгуулна. Хурал 2024 оны наймдугаар сарын 16-20-ны өдөр Улаанбаатар хотод болох тул эрхэм хүндэт эрдэмтэн судлаач Та бүхнийг урьж байна.Дэлхийн олон орны эрдэмтэд жил бүр хуран чуулж, хотын орчинд хэл хэрхэн ашиглагдаж, дасан зохицож, өөрчлөгдөж байгаа талаар, мөн нийгмийн давхарга, үндэс угсаа, шилжилт хөдөлгөөн, хотжил, стандартчилал, бүх нийтийг хамарсан цахим шилжилт зэрэг нь хэл аялгуунууд, тэдгээрийн хэрэглээ, статуст хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцдэг. Энэ удаагийн 21 дэх хурлыг “Хотжил хийгээд стандарт хэл, нутгийн аялгуу” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулна. Зөвхөн дурдсан сэдвээр хатуу хязгаарлахгүй бусад сонирхолтой сэдвээр илтгэлээ ирүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах файлаас авна уу.