Монгол Улсын Их Сургууль, ТЭСО Групптэй хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгууллаа

Монгол Улсын Их Сургууль, ТЭСО Групптэй хамтын ажиллагааны ерөнхий гэрээг өнөөдөр байгууллаа. Ийнхүү МУИС нь ТЭСО Групптэй хамтран бүтээгдэхүүний суурь судалгаа хийх, биологийн үнэт чанар, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт болон хөгжүүлэлт зэрэг судалгаанд оролцох боломж нээгдлээ. Цаашлаад дээд боловсролын байгууллага болон хувийн хэвшлийн үр ашигтай, урт хугацааны түншлэлийг харилцааг бий болгов.

МУИС-ийн ректор Д.Бадарч хэлэхдээ, “МУИС нь сүүлийн жилүүдэд судалгааны ажлын чадавхийг дээшлүүлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 40 гаруй судалгааны лаборатори, түүнд ажилладаг гадаадад эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн багш, эрдэм шинжилгээний ажилтан болон лаборант нар бий. Цаашид бид улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд эрдэмтэн судлаачдынхаа судалгааны ажлын үр дүнг чиглүүлэх зорилт тавин ажиллаж байна. Тиймээс манай Ахисан түвшний сургуультай Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн чиглэлээр харилцан ашигтай түншлэн ажиллах болсонд таатай байна” хэмээлээ.

ТЭСО Группийн Гүйцэтгэх захирал С.Болор, “Монгол орны онцлог, инновац шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд их сургуулийн эрдэмтэн, судлаачид хамгийн чухал хамтрагч болдог. Тиймээс бид энэхүү гэрээг байгуулснаар харилцан бие биедээ ашигтай, урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Арга хэмжээнд МУИС-ийн талаас, Ректор Д.Бадарч, Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтох, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Ч.Энхбаяр, Сургалт эрхэлсэн проректор Б.Батжаргал, Ахисан түвшний сургуулийн захирал Ц.Амартайван, ШУС-ийн Биологийн тэнхимийн ахлах багш А.Баянмөнх ТЭСО Группийн талаас, Гүйцэтгэх захирал С.Болор, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Т.Цэрэнпагма, Байгууллагын харилцааны газрын дарга Э.Одончимэг, Эрдэм шинжилгээний судлаач Ч.Мягмардорж нар оролцлоо.