МУИС-ийн шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгээ олон нийтэд тайлагнан “Өмнийн говийн соёлын өвийн гайхамшиг: Эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” хадны зургийн үзэсгэлэн зохион байгууллаа

МУИС-ийн Шинжлэх Ухаан, Технологийн Улаанбаатар Паркийн эрдэмтэн судлаачид 2017-2023 оны хооронд Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Гурвантэс сумдын нутаг дэвсгэрт явуулсан археологийн хайгуул судалгааны үр дүнгээс дээжлэн олон нийтэд таниулах зорилгоор “Өмнийн говийн соёлын өвийн гайхамшиг: Эртний нүүдэлчид ба эзэнт гүрний язгууртнууд” сэдэвт хадны зургийн үзэсгэлэнг толилууллаа.

Тус үзэсгэлэнг 2023 оны 11 сарын 25-30-ны өдөр “Bluemon” төвийн нэг давхарт Norphei art callety-д зохион байгуулж, 800 гаруй хүн үзэж сонирхжээ. Үзэсгэлэнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Баясах багийн нутагт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох хадны зургийн дурсгалууд, Булган сумын Хавцгайтын хадны зураг, Сэврэй сумын Салхитын хадны амны сүг зургуудаар  үзэсгэлэн дэлгэсэн юм.

Энэхүү үзэсгэлэнг МУИС-ийн шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж, Баатар ван ХХК дэмжин оролцов.