“Кибер аюулгүй байдлын мэргэжилтний карьер, хөгжил” сэдэвт лекц зохион байгууллаа

“Шинжлэх ухаанч нөлөөллийн аян”-д МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Физик электроник, сүлжээний тэнхмийн дэд профессор Б.Дэнсмаа эрхлэгчтэй тус сургуулийн багш, оюутнууд нэгдэж, 4 дахь арга хэмжээг ШУТСантай хамтран өнөөдөр /2022.10.26-ны өдөр/ зохион байгууллаа.

МУИС-ийн багш, дэд профессор, “Инфо Сек Плас” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Ганбаяр тус сургуулийн оюутнуудын захиалгаар “Кибер аюулгүй байдлын мэргэжилтний карьер, хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншив.

Оюутнууд өөрсдийн сонгон суралцаж байгаа мэргэжлийн давуу тал болон дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдөхүйц хөрвөх чадвартай мэргэшсэн боловсон хүчин болоход нөлөөлөх хүчин зүйл, гүнзгийрүүлж бие даан суралцах дэлхийн топ мэдээллийн суваг, ахисан түвшний мэргэжлийн хичээлийн сонголт, олон улсад хүчинтэй сертификаттай шалгалтын шатлал, зэрэглэл зэрэг сонирхсон асуултаа дор бүрнээ тавьж, дэлхийн номер нэг Оксфордын их сургуульд докторын дараах судалгааны ажлаа хамгаалж, тэндээ уригдаж судалгааны төсөл дээр давхар ажиллаж байсан лектор багшийн туршлага, мэдлэгээс олон мэдээллийг олж авлаа.

Лекцэнд хүрэлцэн ирсэн оюутнууд #Шинжлэх_ухаанч_нөлөөллийн_аянаар шинэ мэдлэг хуримтлуулж, оюунаа цэнэглэсэн, хариулт бүр нь жор ихтэй “амттай” байлаа хэмээн лекцийн үр дүнг дүгнэж, дараагийн аянд оролцох захиалгаа дахин өгсөн нь нийгмийн идэвхтэй багш, оюутнууд болохоо илтгэж, зохион байгуулж буй ажлын зорилго бага ч атугай биеллээ оллоо.

МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Компьтерийн ухааны 1-р курсын оюутнууд, Физик электроник, сүлжээний тэнхимийн 1-4 ангийн нийт 40 гаруй оюутнууд лекцийг сонирхон ирсэн бөгөөд 2 курсээсээ л ажлын захиалга авч өдөр нь суралцаж, үдээс хойш хагас өдрөөр Мэдээлэл технологийн томоохон компаниудад ажиллаж, онолоо практиктай хослуулсан чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэн төгсөж байна.

Оюутны 4 жилийн хугацаанд нийгмийн асуудлыг нь шийдэх хамгийн чухал асуудлын нэг нь байнгын орлоготой, ажлын байртай, төгсөөд тухайн мэргэжлээрээ ажиллаж, үр шимээ хүртсэн хүсэл эрмэлзэл, зорилготой оюутнуудыг төгсгөхөд тус сургуулийн удирдлагууд хамгийн их анхаарч сургалтын хөтөлбөрөөр хангаж өгдөг байна. МУИС-ийн Улаанбаатар их сургуулийн Физик электроник, сүлжээний тэнхмийн дэд профессор Б.Дэнсмаа эрхлэгчтэй тус сургуулийн нийт багш, оюутан Та бүхэндээ мэдээллийн технологийн хөгжлийг дэлхийн хаанаас л бол хаанаас түүчээлэх чадварлаг мэргэжилтнүүд болох хүсэл тэмүүлэлтэй байгаад бахархаж баярлаж байна. Та бүгдийн эрдмийн ажилд амжилт хүсье.