НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-оос 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарлажээ. Уг өдрийг тохиолдуулан дэлхийн улс орнуудын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд ном бүтээл хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, хүүхэд, залуучуудын дунд ном эрдмийг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд Улаанбаатарын Их сургуулийн номын сан, Төрийн захиргаа, хүмүүнлэгийн ухааны тэнхим хамтран 4 дүгээр сарын 20-ны өдөр “RHETORICA – Ярих урлагийн түүхэн жишээнүүд” сэдэвт лекцийг амжилттай зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны үеэр оюутан залуучуудад илтгэх урлаг, судалгааны арга зүйн номуудын үзэсгэлэнг толилуулсан байна.