Улаанбаатарын Их сургууль дээр тус сургуулийн Эрдмийн Зөвлөлийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраад “Хүндэт доктор” цол олгох ёслолын үйл ажиллагаа боллоо. Хүндэт доктор цол хүртсэн Б.Бадраа нь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 1989-1994 онд Өмнө-говь аймгийн Ноён сумын сургуулийн захирал байх үеэс Улаанбаатарын их сургуулийн Монгол-Оросын хамтарсан экспедицийн үйл ажиллагааг дэмжин эрдэмтдийг судалгааны ажил хийх бололцоо нөхцлөөр ханган ажиллаж байсан юм. 2008 оноос Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймаг,сумын төр, захиргааны байгууллагад ажиллаж байсан 40 шахам ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, магистрантурт суралцуулахад бүхий л талаар дэмжин ажиллаж хамтын ажиллагааны гэрээнд хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй гүйцэтгэж байсныг тэмдэглэх хэрэгтэй.
2021 оноос Б.Бадраа нь Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байхдаа нутаг орныхоо түүх, соёлын дурсгалыг хамгаалах, судлах талаар анхааран ажиллаж Улаанбаатарын их сургуулийн профессор Д.Эрдэнэбаатараар ахлуулсан судалгааны багийг дэмжин ажилласан ба үр дүнд нь “ Өнө эртний түүх, соёлын өлгий Өмнөговь нутаг” нэгэн сэдэвт бүтээл хэвлэгдэн гараад байна. 2022 онд “Өмнөговь аймгийн нутаг дахь Түүх соёлын дурсгалт зүйлийн бүртгэл мэдээллийн сан” бүрдүүлэх төслийг хэрэгжүүлэх, мөн Өмнөговь аймгийн шинээр байгуулагдсан музейг дэглэх, үзмэрээр баяжуулахад мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр хамтран ажиллаж байна. Улаанбаатарын их сургууль, Өмнөговь аймгийн олон жилийн үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус сургуулийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор”-ын цол олгожээ.