Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн нэгээр нэмэгдэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улаанбаатарын Их сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ.

С.Байгалсайхан 1994 онд “ХХ зууны 80-аад оны орчин үеийн монгол роман” нэг сэдэвт бүтээлээрээ докторын, 1999 онд “Монголын утга зохиолын уран дүрийн онолын судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, “Уран зохиол шинжлэлийн удиртгал” (1995), “Уран дүрийн онолын лекцүүд” (1998, 2014), “Утгын чандмань” (2003), “ХХ зууны Монгол өгүүллэгийн туурвил зүй” (2010), “ХХ зуун тууж судлал” (2013), “Реализм ба ХХ зууны Монгол роман” (2019) зэрэг олон бүтээл туурвижээ.
Түүнчлэн доктор, профессор С.Байгалсайхан Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын, Төвөд судлалын, Аман зохиол судлалын салбаруудад хэрэгжсэн “Монголын уран зохиолын арга, төрөл зүйлийн түүхэн хөгжлийн судалгаа” (2008-2010), “Монгол утга зохиолын сэтгэлгээний хөгжлийн суурь судалгаа” (аман ба бичгийн утга зохиолын жишээн дээр) (2011-2013), “Аман болон бичгийн уран зохиолын тусагдахууны хувьсал ба уран сайхны үнэлэмжийн судалгаа” (2014-2016), “Монгол аман ба бичгийн зохиолын түүх, уран сайхны төлөв, хэрэглээ” (2017-2019) зэрэг сэдэвт ажлыг удирдан, олон арван шавь нараа эрдэм судлалын замд хөтлөн оруулсаар байна.
Манай орчин үеийн уран зохиол судлаачдаас ХХ зууны монгол хүүрнэл зохиолын түүхэн хөгжлийн замнал, төлөв байдал, харилцаа холбоог судалсан олон судалгааны бүтээл байдаг ч, тэднийг үзвээс нэг судлаачийн нэг л төрөл зүйлийн хөгжлийн талаар авч үзсэн бүтээл байдаг. Тэгвэл доктор С.Байгалсайхан ХХ зууны монгол хүүрнэл зохиолын хөгжил, төлөвшил, туршиц, туурвил зүйн асуудалд иж бүрэн, цогц талаас нь хандаж судалгаа хийсэн цор ганц судлаач мөн. Үүнийг түүний “ХХ зууны Монгол өгүүллэгийн туурвил зүй” (2010), “ХХ зуун тууж судлал” (2013), “Реализм ба ХХ зууны Монгол роман” (2019) бүтээлүүд нь нотлон харуулдаг юм.

Улаанбаатарын Их сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагчдын нэрийн өмнөөс С.Байгалсайхан захиралдаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.