Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал 2021оны 5 дугаар сарын 22-ны бямба гарагт цахимаар амжилттай боллоо. Хурал 14:05 цагт эхэлж, 18:35 цагт өндөрлөв. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд МУИС, МУБИС, ТӨУБИС, ИЗОУИС гэсэн 4 сургуулийн, 6 тэнхимийн 12 оюутан илтгэлээ хэлэлцүүллээ. Хуралд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор, профессор Ц. Төрбат, МУБИС-ийн НХУС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Д. Ганболд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын ЭША, хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Э. Мөнхцэцэг нар шүүгчээр оролцож, илтгэлүүдийг уншиж, сонсож, зөвлөгөө өгч ажиллалаа.
Ингэхдээ:
1. Илтгэх бичих чадвар (Бичвэрт үнэлгээ өгөх)
2. Судалгааны ажлын сэдвийг зөв томьёолсон эсэх
3. Судалгааны ажлын зорилгоо хангасан эсэх
4. Судалгааны ажлын ач холбогдол, шинэлэг тал
5. Судалгаа ажлаа эзэмшсэн байдал (асуултад хариулах)
6. Илтгэх ур чадвар
гэсэн шалгуураар оноо өгч, дүгнэлээ. Хурлын дүн гарахад дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.
I байр: Илтгэгч Б. Халиун (МУИС-Ази судлалын тэнхим, ТХОС-III)
“Монгол, түрэг бүүвэйн дууны зарим үгийн харьцуулал”
Удирдагч багш: Доктор Н. Гэрэлмаа
II байр: Илтгэгч М. Оюу-Эрдэнэ (МУИС- УЗУС-ын тэнхим, УЗС-IV)
“Альбер Камьюгийн L’Étranger романы орчуулгуудын уран сайхны харьцуулалт”
Удирдагч багш: Доктор Д. Нямдорж
Илтгэгч Ж. Энхзул (ТӨУБИС- Археологийн тэнхим, Археологи-III)
“Хиргисүүрийн соёл, буган хөшөөний харилцан хамаарал”
Удирдагч багш: Доктор Т. Идэрхангай
III байр: Илтгэгч Д. Бямбажаргал (МУИС-МХХШТ- МХУЗБ-II)
“Монгол үлгэрүүдийн шинэчилсэн хувилбарын онцлог”
Удирдагч багш: Доктор Д. Нямдорж
Илтгэгч С. Энхцэцэг (МУИС- УЗУС-ын тэнхим, УЗС-III)
“Өгүүлэмжийн онолоор Г. Аюурзанын “Сахиуст хангайн нууц” романыг задлан шинжлэх нь” Удирдагч багш: Доктор Г. Нарантунгалаг
Хурлын төгсгөлд шүүгчдийн зүгээс оюутнуудад хандан судалгааны ажлын сэдэв, хамрах хүрээ, арга зүйг оновчтой тодорхойлох, шинэ судалгааг цаг алдалгүй олж үзэх байх зэргээр үнэт зөвлөгөөнүүд өглөө. Тус оюутны хурлыг зохион байгуулах боломж олгосон АМТ-ийн удирдлага, хүндэт шүүгчид, удирдагч багш нар, хөтөлбөрийн нийт оюутнууд, хурлын илтгэлүүдийг идэвхтэй сонссон төгсөгчид Та бүхэндээ талархал илэрхийлж, судалгааны ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
