Цагийн хүрдийн баатраар шалгарлаа

Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор /Ph.D/, дэд профессор, археологич Т.Идэрхангайн 2021 оны зун удирдан ажилласан Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дахь Харганын дөрвөлжингийн “Хүннүгийн хааны зуны ордны малтлага судалгаа”-ны ажлыг Монголын хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр болох МҮОНТ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг онцоллоо. Уг хөтөлбөрийн “Цагийн хүрдийн баатрууд” булангийн өнгөрч буй хулгана жилийн “Шинжлэх ухааны шинэ нээлт”-ээр Т.Идэрхангайгийн удирдсан энэхүү хээрийн судалгааны ажил шалгарснаас гадна 2020 оны Монголын археологийн шилдэг судалгаагаар шалгарч байсан юм. Судалгааны ажлын хүрээнд Харганын дөрвөлжингийн дурсгалт газар нь Хүннүгийн хааны зуны ордон болохыг дээврийн нүүр вааран дээрх бичээсэнд тулгуурлан тодорхойлсон байна. Энэхүү судалгааны ажил нь Хүннүгийн хааны ордныг илрүүлэн олсоноороо Монголын археологийн судалгаанд чухал ач холбогдолтой судалгаа болж байгаа бөгөөд Төв Азийн түүхэнд ноёрхож байсан дорно дахины анхны нүүдэлчдийн төрт улс болох Хүннү гүрний төв нь Монгол орон, тэр дундаа Орхон, Тамир голын хөндий орчимд байрлаж байсныг баталж байгаагаараа онцлог юм.