ЭМГЭНЭЛ

САНЖМЯТАВЫН ДОРЖХАНД
/1935-2021/

Монголын нэрт ахмад физикч, Улаанбаатарын Их Сургуулийн Физик тэнхимийн эрхлэгч асан Шинжлэх ухааны доктор, профессор Санжмятавын Доржханд 2021 оны  нэгдүгээр  сарын 26-ны өдөр таалал төгсч, бид бүхнээс үүрд салан одлоо.

С.Доржханд нь 1935 оны 3-р сарын 5-нд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Хуурай арал гэдэг газар мэндэлсэн. Улаанбаатар хотын I дунд  сургуулийг 1955 онд, МУИС-ийн Физикийн ангийг 1961 онд физикийн мэргэжлээр, Ленинградын Цахилгаан Техникийн Их сургуульд аспирантурт суралцан “Савгүйгээр хэсэглэн хайлуулах үед фосфид галлийн кристаллын акцептор хольцоор чанаржуулах арга боловсруулах ба түүний цахилгаан физикийн шинж чанарын судалгаа” сэдвээр техникийн ухааны дэд докторын зэрэг 1974 онд, БНАГУ-ын ШУА-ийн харьяа Электроны Физикийн Төв Хүрээлэнд “Арсенид галлийн гадаргуугийн боловсруулалт, бүтэц, морфологи ба исэлдэлтийн харилцан хамаарал” сэдвээр физик-математикийн шинжлэх ухааны (Sc.D) докторын зэрэг 1986 онд хамгаалсан.

1961 оноос ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн удирдагч, лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн Улаанбаатарын их сургуулийг байгуулагдсан цагаас эхлэн тухайн үеийн Физикийн тэнхим эдүгээгийн Физик электроник, сүлжээний тэнхимийн эрхлэгчээр ажиллахаас гадна Хатуу биеийн физик, материал судлалын боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж. Оюутан, магистрант, аспирант нарт зориулан сурах бичиг 3-ыг  хэвлэлд бэлтгэн зохиох, гарын авлага, лабораторийн ажил 30 гаруйг боловсруулж, 5 аспирант 10-аад магистрант удирдан, Академич Д.Батсуурийн хамт Доктор С.Доржханд хатуу биеийн судалгааны чиглэлийг хөгжүүлж олон шавь эрдэмтдийг дагуулсан ба эдүгээ доктор (Sc.D) – 5,  доктор  (Ph.D) – 20 гаруйг удирдан хамгаалуулжээ.

Судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнгээр 80 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвин дотоод гадаадын  хэвлэлд нийтлүүлжээ. Шинэ бүтээлийн гэрчилгээ авч, үндэсний стандарт 20 гаруйг батлуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.

Мөн С.Доржханд нь буудлагын спорт, ширээний теннис зэрэг спортоор хичээллэдэг бөгөөд Монгол улсын буудлагын спортын мастер цолтой байсан.

Доктор (Sc.D), Профессор С.Доржхандын шинжлэх ухаан, боловсролын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэн “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан” цолоор, Алтангадас одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнуулж байжээ.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, тууштай зарчимч эрхэм нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь, түүний олон шавь бид бүхний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

УЛААНБААТАРЫН ИХ СУРГУУЛЬ
ФИЗИК ЭЛЕКТРОНИК, СҮЛЖЭЭНИЙ ТЭНХИМ