Монголын археологчид тухайн оны хээрийн судалгааны тайлангаа хэлэлцдэг уламжлалт “Монголын археологи” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр 2020 оны 12 сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаа цар тахлын улмаас онлайн хэлбэрээр явагдсан болно. Хуралд 30 гаруй илтгэгч ба оролцогчдын хамт 90 гаруй хүн тогтмол сууж оролцов. Мөн Фэйсбуук шууд дамжуулалтаар хамгийн ихдээ нэг дор зуу гаруй хүн үзэж байв.
Хуралд 27 илтгэл хэлцэгдсэн бөгөөд илтгэлүүдийн сэдэв Монголын археологийн бүх үеийг болон бүх газар нутгийг хамарсан өргөн цар хүрээтэй байв. Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс XVII зууны үеийн археологийн дурсгалуудыг хамарсан бол газар зүйн хувьд Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, Хөвсгөлөөс Өмнөговь хүртэл эх орны бүх газар нутгийг хамарчээ.
Энэ жилийн судалгаа цар тахлын улмаас гадаадын хамтын ажиллагаа байхгүй онцлогтой юм.
Нийт хэлцэгдсэн илтгэлээс 2 шилдэг судалгааг тодруулсан бөгөөд эдгээрийг Монголын археологчдын холбооны дэмжигч УИХ-гишүүн, Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга Л.Энх-Амгалан ивээн тэтгэж нийт 5 сая төгрөгөөр шагнан урамшуулав.






Тэргүүн байрт Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш, Доктор, дэд профессор Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, Б.Амгаланбат, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Харганын дөрвөлжингийн (Хүннүгийн Лунчен ордон) малтлага судалгаа, Дэд байрт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд, Б.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Архангай аймгийн Батцэнгэлээс-Өгийнуур чиглэлийн автозамын дагуу хийсэн авран хамгаалах судалгаа шалгарлаа. Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш, Доктор, дэд профессор Т.Идэрхангайгийн 2015 оноос хойш авсан 3 дахь удаагийн шилдэг судалгаа ажээ.