Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн хятад хэлний багш, хятад судлаач Х.Нандин-Эрдэнийн хятад хэлнээс орчуулсан Хятадын эртний уран зохиолын дөрвөн оргилын нэг болох “Улаан асрын зүүд” 30 бүлэгт хураангуй орчуулгын номын баяр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвд боллоо. Тус арга хэмжээг МУИС-ийн дэргэдэх Күнзийн институт, Улаанбаатарын Их сургууль, Хятадын Соёлын төв хамтран зохион байгуулсан юм.
Номын баярт МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Хятадын талын захирал Жү Жүньли, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал, МУ-ын СГЗ М.Чимэдцэеэ, МУ-ын СГЗ Ч.Дагвадорж, МУ-ын СГЗ Д.Цэдэв, Улаанбаатарын Их сургуулийн дэд захирал С.Цолмон, МУБИС-ийн БоСС-ын захирал Г.Цогзолмаа, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч В.Батмаа, Отгонтэнгэр Их Сургуулийн Дорно дахин судлалын тэнхимийн эрхлэгч Номин, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн мэргэжилтэн Дэбо нарын зэрэг 60 гаруй хүн оролцож, мэргэжлийн зарим багш нар баяр хүргэж, үг хэлсэн юм.