Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 8 сарын 10-ний өдөр Улаанбаатарын их сургуулийн эрдэмтэн багш, судлаачдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын БСШУС-ын Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улаанбаатарын их сургуулийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор С.Цолмон, Археологийн тэнхимийн багш, археологич доктор, дэд профессор Т.Идэрхангай, археологич магистр С.Оргилбаяр, археологич, магистр Д.Цэнд нар оролцлоо.
Т.Идэрхангай арван жилийн судалгааныхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Монгол Улсын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг нээн илрүүлсэн судалгааны ажлынхаа явц, баталгаа болгож буй олдворуудаа танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол нутагт анхны төр улсыг байгуулсан Хүннү гүрний нийслэлийн туурийг олсонд баяр хүргэж, олон сайхан олдвор илрүүлж, нухацтай сайн судалгаа хийж, шинжлэх ухааны үүднээс даацтай бүтээл туурвиж, баталгаажуулах хэрэгтэй. Орхон Тамирын хөндий бол Монгол төдийгүй үе үеийн нүүдэлчдийн түүх соёлын өлгий бөгөөд олон ч улс төрийн төв, нийслэл, хаад язгууртнуудын булш бунхан энэ нутгаас олдсоор байна. Тиймээс энэ дурсгалт газруудыг газар дээр нь Соёлын Яамны сайдтайгаа очиж үзэн улсын хамгаалалтад авах талаар Засгийн газар онцгой анхаарч ажиллана. Та бүхний судалгааны ажлыг Монгол улсын Засгийн газар дэмжиж ажиллана гээд эрдэмтэн судлаачдын цаашдын ажилд амжилт хүслээ.