Монгол Улсын Их Хурлын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн эрдэмтэн багш, судлаачдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Улаанбаатарын их сургуулийн дэд захирал С.Цолмон, Археологийн тэнхимийн багш, археологич Т.Идэрхангай, С.Оргилбаяр, археологийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд нар оролцож Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс нээн илрүүлсэн Монгол Улсын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хотын олдвор, судалгааны үйл ажиллагааны явцын талаар танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат “Өмнөх олдворуудаас хоёр, гурав дахин том. Зохион байгуулалтын хувьд ч гэсэн нарийн ур хийцтэй. Монголд төдийгүй дэлхийд анх удаа “Тэнгэрийн хүү Шаньюй тэнгэр шиг мянга түм наслах болтугай” гэсэн бичигтэй олдож байгаа нь Монгол Улсын үндэсний түүхэнд нэн ховор олдвор болох нь тодорхой байна. Энэ асуудлыг хариуцдаг байнгын хорооны даргын хувьд УИХ-ын дарга Г.Занданшатарт та бүхний хичээл зүтгэлийн ачаар олдсон Хүннү гүрний нийслэлийн тухай танилцуулсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бас танилцуулсан байгаа. Цаашдаа Монгол Улсын анхны төрт улсын нийслэл Луут хотын олдворт Монгол Улсын Их Хурал, Засгийн газар анхаарал хандуулж ажиллана гэж бид ярилцаж, ойлголцсон байгаа” гэсэн юм.