Өнөө жил ЭЕШ-ыг ингэж авна

Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр өнөө жил 30.900 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Үүний 28 мянга гаруй нь 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа бол 2900 гаруй нь өмнөх оны төгсөгч байна.

Суудлын хуваарь дээр олон мэдээлэл нэмэгджээ

6 дугаар сарын 1 гэхэд хүүхдүүд бүртгэлийн дугаараа ашиглаад, eec.mn сайтын шалгуулагчийн булангаас суудлын хуваариа авна. “Ковид 19”-өөс болоод өнөө жил  суудлын хуваарь дээр шалгалт өгөх газар, анги танхим, ширээ сандлын дугаар, шалгалт авах байранд хэдэн цагт очих, шалгалтын байр руу аль хаалгаар орох зэргийг нэмж зааж өгчээ. Энэ нь хүүхдүүдийг нэг дор бөөгнөрөхөөс сэргийлсэн арга хэмжээ аж. Шалгалт авах байрууд дор хаяж 3 хаалгатай байна. Хүүхэд бүр суудлын хуваарь дээр бичигдсэн цагтаа, заасан хаалгаар орох ёстой. ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-ны хооронд авна. Шалгуулагчийг шалгалтын байранд ороход зохион байгуулагч нар угтаж авна. Эхний зохион байгуулагч нь эмч нараас бүрдэнэ. Тэд шалгуулагчийн халууныг үзэх, гарыг нь ариутган, амны хаалт зүүгээгүй байвал зүүлгэх үүрэгтэй. Мөн шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, жорлонд  урт дараалал үүсгэхгүй байхад анхаарна. Хоёр дахь зохицуулагч нар орох, гарах хаалгуудыг хянаж, шалгуулагчийн бичиг баримт бүрэн эсэхийг шалган, биед нь үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлсийг илрүүлэх, хураах үүрэгтэй.

Шалгалтын сэдэв, даалгавар өөрчлөгджээ

“Ковид 19”-өөс болоодөнөө жилийн ЭЕШ-ын сэдэв, даалгавар өөрчлөгдсөн байна. Учир нь хичээл, сургалтын үйл ажиллагаа үндсэндээ 2 дугаар сарын 20-ноос хойш хагас жилийн турш завсардсан. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх инститүт, Боловсролын хүрээлэн хамтран, телевизээр хичээл зааж байгаа боловч агуулга хоцрогдсон. Тиймээс энэ жилийн шалгалтын сэдэв, даалгаварт 10, 11 дүгээр ангид үзсэн хичээлийн агуулгыг бүтнээр нь оруулж, 12 дугаар ангид судлах ёстой байсан ч үзээгүй хичээлийг аль болохоор хассан байна.

Шууд засах технологи хүрэлцэхгүй болжээ

2019 онд ЭЕШ авсан 30 байранд шилэн технологи нэвтрүүлэн, шалгалтын материалыг шууд засаад, шалгуулагчдад тэр дор нь танилцуулсан. Өнөө жил уг технологийг 50 байранд ашиглахаар төлөвлөсөн байсан ч нэг анги танхимд хүүхдүүдийн суух ширээ сандлын зайг 1.5-2 м зайтай байлгах тул 85 байр шаардлагатай болжээ. Үүнд шууд засах технологи хүрэлцэхгүй. Стандарт хэмжээтэй ангид дээд тал нь 12 хүүхэд суух боломжтой. Хөдөө орон нутагт нийт 44, Улаанбаатар хотод 41 байранд шалгалт авна.

Сонсоод ойлгох даалгавруудыг хассан байна

Энэ жил англи, орос, монгол хэлний хичээлүүдийн сонсоод ойлгох даалгавруудыг хассан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг анх 3 дугаар сарын 28-нд авахаар төлөвлөсөн ч “Ковид 19”-өөс болоод 4 дүгээр сарын 25 болж хойшлогдсон. Гэвч хорио цээрийн дэглэмийн үргэлжлэх хугацааг сунгасан тул уг шалгалтыг цуцалсан юм. Шалгалт авах өдрөө шинээр товлох гэсэн боловч ЭЕШ-тай давхацсан тул цуцлахаас өөр аргагүйд хүрсэн аж. Учир нь монгол хэл, бичгийн шалгалт нь задгай даалгавартай. Үүнийг машинаар засах боломжгүй, заавал багш нар гараар засдаг. Үүнд цаг их орно.

ЭЕШ-д орсон өөрчлөлт

  1. ЭЕШ өгөх эрх олгох монгол хэл, бичгийн шалгалт авахгүй.
  2. Англи, орос, монгол хэлний шалгалтууд дээр сонсоод ойлгох даалгавар байхгүй.
  3. Суудлын хуваарь дээр нарийвчилсан мэдээлэл нэмсэн.
  4. Шалгалт өгөхөөр ирэхдээ зөвхөн хувийн бичиг баримтаа авчирна. Харандаа, баллуур, үзэг, үзүүрлэгч гэх мэт зүйлсийг Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс бүрэн хангана.

Шалгуулагчийн бэлтгэх зүйлс

Шалгуулагч ЭЕШ өгөхөөр ирэхдээ 4 төрлийн бичиг баримт заавал бүрдүүлнэ. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх, түүнтэй дүйцэх бичиг баримт
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь
  4. Бүртгэлийн хуудас

Эдгээр бичиг баримт бүрэн байвал шалгалтад оруулна. БҮТ өдөр бүрийн 11:00 болон 15:00 цагаас ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулан, лайв хичээл явуулж байна. Тухайлбал, даалгавар тус бүрийг бодох, гүйцэтгэх аргачлал, тайлбар, зөвлөмжийг уг хичээлээр өгдөг. ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдэд цахим шуудангаар нь долоо хоног бүрийн лхагва гарагт БҮТ-өөс гарын авлага, материал, даалгавар илгээдэг. Мөн “Элсэгчийн сонин” 7000 хувь хэвлэн, үнэгүй тараажээ.

Их, дээд сургуульд элсэх босго намссан

Их, дээд сургуульд элсүүлэх босго оноог БСШУCЯ-ны Дээд боловсролын бодлогын газар, Монголын их, дээд сургуулиудын консерциум тогтоодог. Өнөө жил Улаанбаатар хотод байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудад элсэх босго оноог 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноог 410, хөдөө орон нутагт байгаа бүх их, дээд сургууль, коллежийн босго оноог 400-гаар тогтоосон. ЭЕШ өгөх бүх шалгуулагчийн 75 хувь нь энэ босгыг давж, 25 хувь нь бүдэрнэ гэсэн тооцоог БҮТ гаргажээ. БҮТ шалгалтын сэдэв, агуулгыг боловсруулахдаа Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийг хэв журам хамгаалах хэлтэс, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажилладаг аж. Шалгалтын сэдэв, материалыг боловсруулах багш нартай нууцлалын гэрээ байгуулан, Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернэт сүлжээгүй газарт аваачиж, цагдаа нараар гар утас, ухаалаг хэрэгслийг нь хураалгадаг юм байна. Ингээд багш нарыг гаргахгүй, гаднаас хүн оруулахгүйгээр, бүрэн камержуулсан өрөөнд байлгаж, цагдаагаар хянуулна. Иймд шалгалтын сэдэв, хариу задрах боломжгүй гэнэ.