Мобиком Корпораци ХХК нь Covid19-н халдвараас урьдчилан сэргийлэн хөл хорионд байгаа ЕБСургуулийн сурагчид болон оюутан залуустаа хичээлийн хоцрогдолгүй байх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг зорин ажиллаж байгаа билээ. Бид энэхүү ажлын хүрээнд Монгол орон даяар Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн сурагчдад 99GB дата эрхтэй шинэ дугаар үнэ төлбөргүй олгосныг дуулгахад таатай байна.
Төгсөлтийн шалгалтаа өгч, их дээд сургуулиудад элсэн орох чухал цаг үед сурагчид цахим хичээлдээ хамрагдаж, шалгалтдаа бэлдэхэд интернэтийн хэрэгцээ асар чухал. Тэгвэл энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах үүднээс орон нутгийн Засаг захиргааны байгууллагын хүсэлтээр Мобиком Корпораци нийт 20’000 гаруй дугаарыг үнэ төлбөргүй өгснөөр сурагчид 11 сарын турш сар бүр 9GB датагаар “Теле-Хичээл”-ээ үзэх, элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлдэх боломж бүрдлээ.
Мөн бид их дээд сургуулийн оюутан залуустаа зориулан нийт 14 их дээд сургуулийн цахим сайтад хязгааргүй хандах “University” дата багцыг цоо шинээр худалдаанд гаргаж, хөл хорионы хугацаанд 30 хоногийн турш ердөө 1000₮-өөр авах боломжийг олгоод байна. Мөн ЕБС-ийн 1-12-р ангийн сурагчдад зориулан “Теле-Хичээл” үзэх боломжийг хүүхэд бүрд хүртээмжтэй байлгах зорилгоор econtent.edu.mn сайтыг датагаараа үнэ төлбөргүй ашиглах боломжтойгоос гадна Мобикомын цоо шинэ бүтээгдэхүүн болох VOO үйлчилгээний видео санд “Теле-Хичээл”-ийг үнэ төлбөргүй байршуулан хүргэж байна.
Түүнчлэн хөдөө орон нутгийн сурагчдыг хичээлээ үзэх төхөөрөмжөөр хангаад байна. Тухайлбал, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагаас зохион байгуулж буй хүүхэд бүр хичээлээ тогтмол үзэх боломжоор хангах арга хэмжээнд Мобиком Корпорацийн зүгээс 48 сая төгрөгийн өртөг бүхий 71 ширхэг гар утсыг хандивлан, хувь нэмрээ орууллаа. Ингэснээр харилцаа холбоо сул алслагдмал газар болон интернэтгүй орчинд суралцаж байгаа сурагч хүүхдүүд маань утсан дээр суулгасан “Теле-Хичээл”-ээ бүрэн эхээр нь үзэх боломж бүрдэж байгаа юм.
Мэдээллийн эх сурвалж: gogo.mn