БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ “ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн бүртгэлийн идэвх сул байна. ЭЕШ хойшилсон учир бүртгэл мөн хойшилно гэж буруу ойлгож байж магадгүй юм. Үгүй юм шүү. Энэ сарын 15-ныг хүртэл бүртгэл явагдана. Шалгалтын зохион байгуулалтыг бид эрт хийх үүднээс хойшлуулахгүй. Аймгийн төв дээр 8000 орчим шалгуулагч шалгалт өгөх төлөвтэй байна” гэсэн юм.
Монгол улсад ерөнхий боловсролын 820 сургууль байгаа ба түүнд 590 нь төгсөх 12-р ангитай байгаа, 28567 сурагч энэ жил төгсөнө. Хэрэв хорио цээр сунгагдвал тэднийг сонгон судлах хичээлээр нь тусгайлан бэлдэнэ гэж Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэллээ. Мөн тэрээр “Судлагдсан агуулгын хүрээнд л ЭЕШ-ын даалгаврыг боловсруулна. Тус шалгалтын оноо хоёр жилийн хүчинтэй байна” гэсэн юм.
Одоогоор ЕБС-ийн 65 хоногийн хичээл завсардаад байгаа ба энэ нь нийт 10-11 долоо хоног юм. Мөн нэгдүгээр сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 3020 цагийн теле хичээлийг сурагчдад хүргэнэ. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх шийдвэр энэ сарын 20-ноос хойш тодорхой болно. Хэрэв тавдугаар сард эхэлвэл зургадугаар сарын 10-д хүртэл хэвийн орно. Хэрэв сунгагдвал нэг танхимд олноор бөөгнөрүүлэхгүйгээр ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээндтараахад бэлэн болоод байна гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ. Мөн тэрээр “Их дээд сургуульд онлайн хичээлд бүрэн шилжсэн, цэцэрлэг, ЕБС-ийн хүүхдүүд теле хичээл үзэж байна. Теле хичээлээр дамжин эцэг эх хүүхдийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байна гэж үзэж байна. Өмнө нь багш нь л хүүхдэд тулж ажилладаг байсан бол одоо эцэг эх хүүхдэдээ зааж, багш сурган хүмүүжүүлэгчийн ажлын онцлог, хэрхэн ажилладгийг мөн ойлгож байгаа байх гэж бодож байна” гэсэн юм.
Мэдээллийн эх сурвалж: gogo.mn