БСШУСЯам, МЗЭХолбоо, ШУТСан, НШУЗЭХолбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Хүрэл Тогоот-2019” залуу эрдэмтдийн эрдэм шинжилгээний бага хурал өнгөрөгч долоо хоногийн Баасан гаригт буюу 2019 оны 10-р сарын 18-ны өдөр Одон Орон, Геофизикийн хүрээлэнгийн харьяа Хүрэл Тогоот одон орон судлалын төвд болж өнгөрлөө. Тус эрдэм шинжилгээний бага хурлын Нийгэм, хүмүүнлэгийн салбарын хуралдаанд эхний шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд эдгээрээс Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд “Хавцгайтын амны хадны зураг дахь Монгол гүрний үеийн өвөрмөц дүрслэлийн тухайд” илтгэлээр тэргүүн байр эзэлж, БСШУСЯамны сайдын нэрэмжит ГРАНТ-д шалгарлаа. Залуу судлаач Д.Цэнддээ Улаанбаатарын Их сургуулийн удирдлага, эрдмийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.