ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнгээс эрдэмтэн судлаач нарын хийсэн бүтээсэн зүйлийг алдаршуулах, томоохон эрдэмтдийн насны ой болон хөдөлмөрийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил тэгш ой нь тохиож буй Биологийн Шинжлэх Ухааны доктор, профессор Г.Очирбат багшийн 75 насны ойд зориулсан “Ургамал, зөгий судлал -хагас зуун жил” хөдөлмөр алдрын хүндэтгэлийн хурал 2019 оны 05-р сарын 24 өдөр зохион байгуулагдлаа. Тэрээр 1992 оноос Ботаникийн цэцэрлэгийн захирал, эрхлэгчээр ажиллах хугацаандаа монгол орны нэн ховор, ховор болон чимэглэлийн ач холбогдол бүхий 200 гаруй зүйл ургамлын интродукцийн ажлыг удирдан зохион байгуулж ирсэн түүхтэй. Профессор Г.Очирбат судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээрээ ном тохимол 40, эрдэм шинжилгээний өгүүлэл 125, шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүлэл 42, заавар зөвлөмж, стандарт 33 боловсруулан батлуулжээ.
Профессор Г.Очирбат багш Төрийн өмчит Улаанбаатарын Их сургуулийн Биологийн тэнхим үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэл бакалавр, магистр, докторын ангийн оюутнуудад ургамал судлал, латин хэл, ашигт ургамал, экологи, усны экологи, ерөнхий биологи, зөгийн аж ахуй, жимс, жимсгэнэт ургамал, ургамлын интродукци, биологийн нөхөн сэргээлт гэсэн хичээлүүдийг зааж сургасаар байна. Шинжлэх ухааны доктор, профессор Г. Очирбат багш Жимс, жимсгэнэ, чимэглэлийн болон балт таримал ургамал, хүнсний ургамлыг нутагшуулах, тарималжуулах, боловсруулах чиглэлээр 6 доктор, 17 магистр, 22 бакалаврын ажлыг удирдан хамгаалуулжээ.