Улаанбаатарын Их сургуулийн 302 тоот Эрдмийн зөвлөлийн танхимд 2019 оны 4-р сарын 30-ны Мягмар гаригт Унгар улсын Төв Европын Их сургуулийн профессор, археологич Ж.Лазловский “Ландшафт археологийн судалгааны арга зүй” (Ази Европын жишээн дээр) хэмээх сэдвээр Улаанбаатарын Их сургуулийн Түүх, Археологийн мэргэжлийн ангийн оюутнуудад лекц уншиж, хэлэлцүүллээ. Энэхүү хэлэлцүүлгээр ландшафт археологи буюу агаарын хайгуул түүнийг хэрхэн хийх тухай ярьснаас гадна агаарын хайгуулаар ганцхан эртний хот суурин, булш, оршуулга, тахил тайлгын байгууламж зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалыг илрүүлж бүртгэх бус харин эртний хүмүүсийн үлдээсэн бүхий л ул мөрийг цогцоор нь судлах боломжтойг харуулахын зэрэгцээ уг ландшафт археологийн арга зүй нь хэрхэн үр дүнтэй болохыг танилцуулсан юм. Профессор Ж.Лазловский энэхүү лекцээ англи хэл дээр хэлэлцүүлсэн бөгөөд лекцийн үед түүний яриаг Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич С.Оргилбаяр англи хэлнээс монгол хэл рүү синхрон орчуулгыг тун чадварлагаар хийж оюутан залууст лекцийн үнэн мөн чанарыг ойлгуулж байлаа.
Профессор Ж.Лазловский Унгар улсаас нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 1-ний 14:00 цагаас ШУА-ийн Нэгдсэн I байрны 410 тоот хурлын танхимд “Мухи бэхлэлт – Монгол Унгарын байлдааны цогц судалгаа” сэдвээр лекц хэлэлцүүлж байгаа билээ. Ийнхүү манай улсад ирж өөрийн судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж байгаа профессор Ж.Лазловский болон түүний судалгааны багийн нөхдөд Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн зүгээс цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Нийтэлсэн: Д.Цэнд