Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Ж.Бямбаагийн гэр бүл, үр хүүхэд, Улаанбаатарын их Сургуулиас олон их дээд сургуулийн оюутны дунд хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Ж.Бямбаа ба ХХ зууны Монголын хүүрнэл зохиол” эрдэм шинжилгээний хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд таван их, дээд сургуулийн 11 оюутан өөрийн судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бөгөөд Улаанбаатарын Их Сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан хурлыг нээж үг хэлэв. Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй нар хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлсэн бол ШУА-ийн ХЗХ-ийн секторын эрхлэгч, доктор, профессор Д.Сумъяа эрдэм шинжилгээний хурлыг удирдан явуулсан байна. Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд МҮЧЗХ-ны гүйцэтгэх захирал О.Товуудорж болон Завхан аймгийн уран бүтээлчдийн “Цаст уулынхан” утга зохиолын нэгдлийн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Ишхүү, МЗЭ-ийн шагналт зохиолч В.Нэргүй тэргүүтэй яруу найрагчид хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч Ж.Бямбаад хүндэтгэл үзүүлэн шүлэг яруу найргийн дээжээсээ өргөсөн билээ. Тус эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын IV дамжааны оюутан Х.Энхмаа “Д.Нацагдорж судлалын өчигдөр өнөөдөр” /Удирдсан: П.Нармандах /доктор /Ph.D// илтгэлээр тэргүүн, МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Д.Нямдарь “Ж.Бямбын зарим өгүүллэгүүд дэх уран дүрслэлийн онцлогийг шинжлэх нь” /Удирдсан: Б.Надмид /магистр// сэдэвт илтгэлээр дэд, мөн МУБИС-ийн оюутан Г.Азбилэг “Ж.Бямбын нэгэн өгүүллэгийг ажиглахуй” /Удирдсан: Б.Энхээ /доктор /Ph.D/, пэп профессор// сэдэвт илтгэлээр гутгаар байрыг тус тус эзэлжээ.