Улаанбаатарын Их сургуулиас болон их дээд сургуулийн оюутны дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Герасимовичийн семинар” хорин хоёр дахь жилээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд таван их сургуулийн хорин оюутан өөрийн судалгааны ажлаа хэлэлцүүлсэн бөгөөд Улаанбаатарын Их сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан хурлыг нээж үг хэлэв. Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй нар хурлын үйл ажиллагаанд баяр хүргэж үг хэлсэн бол Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, Төвд судлаач П.Нямлхагва хурал даргалж, ШУА-ийн ХЗХ-ийн секторын эрхлэгч, доктор, дэд профессор О.Шинэбаяр, МУИС-ийн багш, доктор Г.Нарантунгалаг, УБИС-ийн ахлах багш Э.Батжавхлан нар эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэгдсэн илтгэлүүдийг шүүн тунгаасан байна.
“Герасимовичийн семинар-22” оюутны эрдэм шинжилгээний хуралд МУБИС-ийн НХУС-ийн МХУЗ-ын IV дамжааны оюутан Ш.Гүнжидмаа “Чөлөөт бус сэтгэлгээний үе ба хориотой зохиолууд” /Удирдсан: Б.Энхээ /доктор /Ph.D/, дэд проф// илтгэлээр тэргүүн, СУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Э.Болорсувд, Б.Баатар “Монгол ардын суут жүжгийн найруулгын абсурд хэлбэршил” /Удирдсан: Д.Батсайхан /доктор /Ph.D/, дэд проф// сэдэвт илтгэлээр дэд, мөн СУИС-ийн Урлаг судлалын дөрөвдүгээр дамжааны оюутан У.Одмаа “Кино зохиолын бүтцэд онолын үүднээс хандах нь” Удирдсан: Х.Чойдогжамц /магистр// сэдэвт илтгэлээр гутгаар байрыг тус тус эзэлжээ.