Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2019 оны 03-р сарын 05-ны өдрийн хуралдааны шийдвэрээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн ахмад судлаач Т.Минжүүрт тус сургуулийн хүндэт доктор цол олголоо. Хүндэт доктор цол олгох үйл ажиллагаа 2019 оны 03-р сарын 11-ний өдөр 15:00 цагт Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлд болов. Тус үйл ажиллагаанд сургуулийн захирал, эрдмийн зөвлөлийн дарга, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, эрдмийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор С.Цолмон болон эрдмийн зөвлөлийн гишүүд оролцов. Хүндэт доктор цол хүртэж буй Минжүүр нь ӨМӨЗО-ны Шилийн голын Барга угсаатай хүн бөгөөд, эдийн засагч мэргэжилтэй боловч Монголчуудын туг сүлд, тэр дундаа цагаан туг, хар туг, алаг сүлдний чиглэлээр судалгаа хийж мэргэшсэн судлаач, эрдэмтэн хүн юм. Судалгааныхаа ажлын чиглэлээр нэгэн сэдэвт бүтээл 5, эрдэм судлалын өгүүлэл 10 гаруйг бичсэн бөгөөд тэрхүү бүтээлээрээ үзэсгэлэн гаргав. Мөн түүнчлэн Улаанбаатарын Их сургуулийн хүндэт доктор цол олгох үйл ажиллагааныхаа үеэр Т.Минжүүр гуай өөрийн эрдэм судлалын ажлынхаа үр дүнгээс тус сургуулийн Түүх, Археологийн мэргэжлийн ангийн оюутнуудад лекц уншиж сонсгов.